О.Хонгорзул: Нийтийн тээврийн автобусны 1,280 зогсоолын самбар дээрх мэдээллийг иргэдэд ойлгомжтой болгож байна
Нийслэл хотод өдөр бүр 136 чиглэлд 1,168 автобус иргэдэд үйлчилдэг байна. Эдгээр автобус нь 1,280 зогсоолыг дайран өнгөрдөг бөгөөд зогсоол дээрх чиглэлийн мэдээллийг шинэчлэх ажлын явцын талаар танилцуулав.
Энэ тухай НТБГ-ын Тээврийн бодлого судалгааны хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Хонгорзул "Нийтийн тээврийн автобусны буудал дээр чиглэлийн мэдээллийн самбаруудыг автоматжуулах, шинэчлэх ажил хийгдлээ.
Өмнө нь автобусны зогсоолын мэдээллийн самбар дээр зогсоолуудыг жагсааж бичиж байв. Харин одоо газрын зурагт үндэслэж автобусны чиглэлээ олох, ойлгомжтой мэдээлэл авах боломжийг бүрдүүлж байна.
Долоо хоног бүр 50 зогсоолын мэдээллийн самбарыг шинэчлэх замаар нийт 1,280 зогсоолын мэдээллийг шинэчлэх юм" гэлээ.
Өнгөрсөн долоо хоногт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх 50 зогсоолын мэдээллийг шинэчилжээ.
Тус самбаруудыг автоматжуулах ажлыг “Дата Дэүс" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд "Автобусны бүх чиглэлийн мэдээллийг газрын зураг дээрээс автоматаар харуулна. Деталиудыг хүний гараар зурах шаардлагагүй болсон. Бүтээмж сайжирч технологийн дагуу самбарын бүх мэдээлэл автоматаар хийгдэнэ" хэмээн мэдээлж байсан юм.
Дунджаар өдөрт 753 мянга гаруй иргэн нийтийн тээврээр зорчдог.
Нийтийн тээврээр ажлын өдрүүдэд дунджаар Umoney картаар 470 мянган иргэн, UBcard-аар 88 мянган иргэн, бэлэн мөнгө төлж 31 мянган иргэн үйлчлүүлдэг бол ахмад настан, донор, хөгжлийн бэрхшээлтэй 160 мянган иргэн картаар төлбөрөө төлж үйлчлүүлдэг байна. Дунджаар нийт 753,000 иргэн өдөрт нийтийн тээврээр зорчдог тоон мэдээлэл гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
