Багш нар үндсэн цалингаа 3,500,000 төгрөг болгохыг шаардан нийслэлийн төв талбайд жагсаж байна.
Тайван жагсаал өнөөдөр 16:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Багш нар үндсэн цалинг нэмж, нийгмийн баталгааг хангах, анги дүүргэлтийн ачааллыг бууруулахыг шаардацгааж байна. Цалингаас цалин, нэг зээлийн төлбөрөөс нөгөө зээлийн төлбөрт санаа зовниж, 40 минутад багтан 50-60 хүүхдэд хичээл зааж, үр дүн гаргах ёстойгийн дээр элдэв тайлан, бичиг цаасны ажил зэрэг олон ачааллыг давсаар цалин нэмэхийг шаардан шат шатны байгууллагад хандсан ч нааштай хариу хүлээж авахгүй байгаа тул өнөөдөр ийнхүү жагсаж байгаа юм.
МБШУҮЭХ-ны дарга З.Цогтгэрэл "Цалин 3,500,000 төгрөгт хүргээгүйгээс боловсролын салбарт маш олон эрсдэл учирч байна. Хүний нөөцийг дутагдалд орж, эрүүл, аюулгүй орчинд ажиллах эрх хангагдахгүй байгаагийн сацуу энэ салбарт ажиллаж байгаа хүмүүст нийгмийн баталгаа алга.
Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ эрс өссөн. Гэвч боловсролын салбарынхны нийгмийн баталгаа болсон цалин хөлс нь огт өсөөгүй. 2026 оны төсөвт нэг ч төгрөг тавигдаагүй байгаа нь ийм байдалд хүргэлээ. Бид цаашид хуулийн хүрээнд асуудлын ард нь гартлаа тэмцэх болно" гэв.
Нийслэлийн .... дугаар сургуулийн багш Б.Уранцэцэг "Би боловсролын салбарт 16 дахь жилдээ ажиллаж байна. Хот, хөдөөгийн ялгаа маш их. Хөдөө сумын сургуульд анги дүүргэлт хамгийн ихдээ 30 хүүхэд байсан бол хотод хоёр дахин их хүүхэдтэй ажиллаж байна. Цалингийн тухайд хөдөөд 40 хувийн нэмэгдэл авна. Гэтэл хотод 40 хувийн нэмэгдэл байхгүй, зэргийн нэмэгдэл 10 хувь, удаан ажил ажилласны нэмэгдэл 10 гээд нийтдээ 20 хувийн нэмэгдэлтэй. Хөдөө ажиллаж байхад нийтдээ 70 хувийн нэмэгдэл авч байсан. Цалингийн зөрүү их. Саяхан 500,000 төгрөгийн цалин авсан, дараа нь хэдэн төгрөг авахаа мэдэхгүй байгаа.
Би хүүхдээ хөгжүүлэхийн тулд хотод ирсэн. Хичээлээс гадуурх сургалтад явуулах гэхээр хөдөөд тийм зүйл байдаггүй.
Боловсролыг чанартай болгоё гэвэл нэг ангид суух хүүхдийн тоог цөөлөх хэрэгтэй. Учир нь нэг цагт 60 хүүхдийн дэвтэр үзэж амждаггүй. 30 хүүхэдтэй л ажиллаж чадна, цаана нь дахиад 30 хүүхдийг яах вэ. Ийм нөхцөлд боловсролын чанар гэж яриад ч хэрэггүй. Цалин бага учраас зээл хөөцөлдөөд ч бүтдэггүй" гэлээ.
Нийслэлийн .... дугаар сургуулийн багш "Багшийн сургуулийг үнэ төлбөргүй болгоод, ЭШ-ын оноо хүрээгүй хүүхдийг ч багшийн сургуульд оруулах зэрэг нь боловсролын салбарыг бүрэн унагааж байгаа. Сайн багш дээр сайн шавь бэлтгэгдэнэ. Цалин хүрэлцэхгүй учраас давхар ажил хийнэ, зуны амралтаар гадагшаа явж ажиллах нь нийтлэг. Тэгэхгүй л бол зээлээ төлөх боломжгүй. Сайд үе шаттай нэмнэ гэдэг ч хэрэгжиж байгаа зүйлгүй.
Багш нар гар дээрээ 2,500,000 төгрөг авдаг гэсэн, хаана тийм юм байна вэ? Яагаад ингэж худлаа яриад байгаа юм. Бодит амьдрал дээр цалин 1,480,000 төгрөг. Яаж дундаж цалинг тооцож гаргаад байгааг ойлгохгүй байна. Салбарын сайд ажлаа хийж чадахгүй байна. Багш нараа гэсэн сэтгэл алга. Үнэхээр чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй. Багш нарынхаа нийгмийн асуудлыг шийддэг, ойлгодог сайд бидэнд хэрэгтэй болохоос биш шалтаг тоочдог, хувийн ашиг сонирхолтой хүн хэрэггүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!