ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Цас цэвэрлэж давс, бодис цацах зориулалттай Howo V7X загварын машинуудыг дүүргүүдэд өгнө

Б.Манлай
2025 оны 9 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Энэ онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 301 тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг худалдаж авахаар төлөвлөжээ. Үүнээс 2024, 2025 онд үйлдвэрлэгдсэн 170 гаруй тусгай зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийг хүлээн авчээ.

Өчигдөр цас цэвэрлэж давс, бодис цацах зориулалт бүхий Howo V7X загварын 10 машин нэмж ирсэн байна.

Howo V7X загварын эдгээр машин нь өвөлдөө цас шүүрдэх, давс, бодис цацах зориулалттай бол дулааны улиралд хог тээврийн зориулалтаар ашиглах боломжтой. Нэг ээлждээ тасралтгүй 8-20 цаг хүртэл ажиллан, 10 гаруй тонн давс, бодисыг тээвэрлэж, 6-15 метрийн өргөнд цацах хүчин чадалтай. Шүүр болон давс, бодис цацах төхөөрөмжийг 5-15 минутад солин, ажиллах горимд шилжүүлж болно. Түлшний багтаамж нь 400 литр бөгөөд Евро-5 стандартын хөдөлгүүртэй байна.

Хүлээн авсан машин, техникийг нийслэлийн есөн дүүрэг, Геодези, Усны Барилга Байгууламжийн газар, Хот Тохижилтын Газар, Ус Сувгийн Удирдах Газар болон холбогдох чиг үүргийн байгууллагуудад өгч, нийслэл хотын аж ахуйн ажилд ашиглана гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

зураг
 

Хот, нийтийн аж ахуйн үйлчилгээнд шаардлагатай тусгай зориулалтын техникийг дотоод, гадаадын нийт долоон аж, ахуйн нэгж байгууллагаас худалдаж авч байгаа аж.