УЛААНБААТАР ХОТ, Монгол Улс – Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (“АмЧам Монгол”) 2025 оны 9-р сарын 23-ны өдөр “Төв банк ба мөнгөний бодлого” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав.
9-р сарын хэлэлцүүлэгт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зочин илтгэгчээр оролцож, “Банкны салбарын реформ ба санхүүгийн тогтвортой байдал” сэдэвт илтгэл тавьж, макро эдийн засгийн төлөв байдал, салбарын хөрөнгө оруулалт, тоо баримтууд бүхий дэлгэрэнгүй танилцуулгыг гишүүдтэй хуваалцав.
Сүүлийн 5 жилийн хугацаанд банкны салбар 75%-иар тэлж, жилдээ дунджаар 12%-ын өсөлттэй байсан ба 2021 оноос хойш чанаргүй зээлийн дүн аажмаар буурч, 2025 оны эхний хагасын байдлаар нийт зээлийн 4.4%-ыг эзэлж байгааг онцлов. Банкны салбарын зээлийн хэмжээ хувь хүмүүс буюу иргэд нийт 24.6 их наяд төгрөгийн зээл буюу 58.3% эзэлж байгаа бол бизнес эрхлэгч нар 41.7% буюу 17.6 их наяд төгрөгийг эзэлж буй дүн гарсан байна.
Харин банкны салбарын хэтийн бодлого, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр авч хэрэгжүүлж буй бодлого буюу “Банкны секторын реформын хөтөлбөр” нь цаашид тогтвортой, баталгаатай, олон нийтэд ил тод, хэрэглэгч төвтэй салбарыг цогцлооход чиглэж байгаа ба арилжааны банкуудын эзэмшигч нарын тоог нэмэгдүүлэх, ингэснээр цөөн тооны хүмүүсийн хамаарлаас ангид, засаглалыг эрхэмлэхэд чиглэсэн бодлого хэвээр байх болно гэлээ.
Энэхүү зорилтод хүрэхийн тулд хэд хэдэн алхмуудыг заавал хийх ёстойг онцлов. Тухайлбал, нэн тэргүүнд банкны хувьцаа эзэмшигч нарын тоог нэмэгдүүлэх, бүлэг хамаарлаас ангид байлгах, засаглалыг бэхжүүлэх, олон улсын стандарт, журмуудын жишигт нийцсэн үйл ажиллагаа эрхлэх, мөнгө угаах, аливаа гэмт хэргийг санхүүжүүлэх явдлыг таслах, ОУСБ-ын саарал жагсаалтад дахин орохгүй байх, хэтдээ бүх талуудад нээлттэй, бүрэн дижитал, хэрэглэгч төвтэй банкны экосистемийг бүтээх шаардлагатай гэдгийг тайлбарлав.
Банкны салбарын реформыг амжилттай хэрэгжүүлэх нь эдийн засагт төдийгүй бизнес эрхлэгч нарт санхүүжилт, бизнесийн өргөн харилцаа, зээл болон хөрөнгө оруулалт зэргийг оновчтой, үр дүнтэй төвлөрүүлэхэд нэн ач холбогдолтойг дурдав. Мөн түүнчлэн банкны салбарт гадаадын сонирхогч талууд хөрөнгө оруулах, хувьцаа эзэмших, зах зээлд нэвтрэх бололцоог улам сайжруулах үйл ажиллагаа үргэлжилж байгааг онцлов.
2020 оноос хойш удаа дараалан зохих хууль, журмыг шинэчлэн, хамгийн сүүлд 2023 оны 6-р сарын 14-нд баталсан журамд орсон шинэчлэлтүүд зэргийг дурдав.
Хурлын үеэр банкны салбарын хөгжил, бизнес эрхлэгч нартай хэрхэн уялдаж бодлого болон зохицуулалт хийх талаар АмЧам Монголын гишүүдийн асуулт, сэтгэгдэлд хариулт өгсөн нь хэлэлцүүлгийг үр дүнтэй болгов.
Энэ удаагийн хуралд 80+ гаруй зочид, төлөөлөгч нар оролцож, гишүүд өөрсдийн шүүмж, санаа оноогоо мөн хуваалцав. Хэлэлцүүлгийн төгсгөлд АмЧам Монгол шинээр элссэн байгууллагуудаа танилцуулж, гишүүнчлэлийн сертификат гардуулах ёслол болж өнгөрөв.
АмЧам Монголын тухай
АмЧам Монгол АНУ-Монгол Улс хоорондын бизнесийн түншлэлийг өргөжүүлэх, бэхжүүлэх, эрх ашгийг нь хамгаалах болон Америкийн хөрөнгө оруулалтыг Монголд татах чиглэлээр ажилладаг бие даасан, гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага юм. АмЧам Монгол 3 сая гаруй гишүүдтэй дэлхийн хамгийн том бизнесийн холбоонд тооцогддог Америкийн Худалдааны Танхимын албан ёсны салбар юм. Мөн Ази Номхон далайн 29 орны Америкийн худалдааны танхимуудыг нэгтгэдэг Ази Номхон далайн орнуудын Америкийн Худалдааны Танхимуудын Зөвлөл байгууллагын гишүүн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!