Багахангай өртөөнөөс Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайран Хөшигийн хөндийд хүрэх төмөр замыг барих ажил өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлээд буй. Ингэснээр нийслэлд хотын төвд байрлах логистикийн төвүүдийг Хөшигийн хөндий рүү нүүлгэхээр болоод байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар төмөр замын ухмал байгуулах ажил 98.7, далан байгуулах ажил 91.6, дам нуруут гүүр 76, дугуй хоолойн ажил 75.4, хучилтын ажил 44.8 хувийн явцтай байна гэж НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.
Салбар төмөр зам баригдсанаар орон нутаг, аймгууд руу явах болон импортоор орж ирэх бараа бүтээгдэхүүнийг нийслэл рүү оруулалгүйгээр “Хөшигийн хөндий” болон “Оргоч уул” терминалаас шууд хүлээн авах боломжтой болж хот доторх том оврын ачааны автомашины хөдөлгөөний ачаалал 50 хүртэл хувиар буурах тооцоолол гарчээ.
Уг төмөр зам нь гуравдугаар зэрэглэлийн ангилалтай, нийт 102.5 км урт, 1,520 мм царигтай бөгөөд гурван өртөө, дөрвөн зөрлөг, 2.5 км урт гүүрэн байгууламжтайгаар төлөвлөгджээ.
Төмөр замын бүтээн байгуулалтад дотоодын 110 орчим аж ахуйн нэгж, 2,500 гаруй мэргэжилтэн оролцож байгаа бөгөөд замын дэлгэмэл урт нь 151.2 км, голын даац 25 тонн, жилд дунджаар 3.5 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!