Монголын хип хоп урлагийн Татар хамтлаг өөрсдийн түүхээрээ уран сайхны кино бүтээж, өчигдөр албан ёсоор нээлээ.
Тэртээх 2003 онд Татар хамтлаг нь дөрвөн гишүүнтэйгээр Дэнжийн 1000-н дэнжээс дэлхийн хип хоп урлагийг мөрөөдөж эхэлсэн түүхтэй. Ийнхүү тэд 22 жилийн ойдоо зориулан “Аранжин пикчерс”, “Promix sound”, “Red point media”, “SO media”-тай хамтран "Татар" уран сайхны киног бүтээсэн байна.
Хөгжмөөр амьсгалсан залуусын Мөрөөдөл, Тэмцэл, Ялалт, Бодит амьдралын үнэн дүр төрхийг харуулсан энэхүү киног бүх кино театруудаар хүлээн авч үзэх боломжтой.
“Татар” хамтлаг Монголд хамгийн анх enhaced CD гаргаж, фэн клуб байгуулан, цомгийн өдөрлөгөө хийж, гадаад зах зээл рүү чиглэсэн ажлууд, бүрэн хэмжээний уран сайхны кино, мянга мянган залуусыг хамруулсан сайн сайханд уриалсан нийгмийн ажлууд, бие даан хийсэн бүрэн хэмжээний амьд тоглолтуудаараа бусад хип хоп хамтлагуудаасаа ялгарч, олон нийтэд хип хоп хөгжмийг хүлээн зөвшөөрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадсан гээд олон анхдагчийн эзэн юм.
Энэ кино бол зөвхөн нэгэн хамтлагийн дурсамж бус, Монголын хөгжмийн ертөнц, нэгэн үеийн залуусын амьдрал, сонголт, тэмцэл, мөрөөдлийн тухай өгүүлэл юм. Хөгжим тэднийг амьдруулсан. Харин тэдний түүх одоо дэлгэцнээ амилж байна. “ТАТАR” уран сайхны кино ирэх есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн хүртээл болно.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!