Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батзориг: Өнөөдрийн байдлаар нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна

Б.Манлай
2025 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VII хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өнөөдрийн байдлаар 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Дулааны гол 15.6 км шугам сүлжээг улс, нийслэл, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар шинэчиллээ. Мөн 88.3 км шугам сүлжээ, 104 км авто замыг шинэчиллээ. Харин цахилгаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажил 84 хувьтай үргэлжилж байна хэмээн танилцуулав.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг “Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 86 хувьтай байна.

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөгөөр үндсэн шугам тоноглолын нийт 31 нэр төрлийн 98 ажил, урсгал засвараар 3,387 шугам тоноглолд тус тус засварын ажил хуваарийн дагуу зохион байгуулан ажиллаж байна. Төлөвлөгөөт ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна.

Нийслэл, дүүрэг, төслийн хүрээнд нийтдээ 2025 онд 181 блок барилга дулаалахаар төлөвлөсөн бөгөөд ажлын явц 71 хувьтай байна.

Харин нийслэлийн боловсролын салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 75, эрүүл мэндийн өвөлжилтийн бэлтгэл ажил 87.5 хувьтай байна” гэлээ. 

2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд нийт 9,518 тонн давс, 9,590 тонн бодис нөөцлөх шаардлагатайгаас өнөөдрийн байдлаар 2024-2025 оны өвөлжилтөөс 2,235 тонн давс, 4,866 тонн бодисын үлдэгдэлтэй байгаа аж.

2025-2026 онд 5,000 тонн давс, 3,000 тонн бодис нөөцөлнө. 2025 нийслэлийн төсвийн хөрөнгөөр хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ, усны барилга байгууламжийн 240 ширхэг тусгай зориулалтын машин механизмын парк шинэчлэл хийхээс 157 машин механизмыг хүлээн авчээ.

Нийслэлийн хэмжээнд давс, бодис цацагч тусгай зориулалтын 68 машин, зам цэвэрлэгээний тусгай зориулалтын 432 машин, техник байгаа гэнэ.