Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллэн Монгол Улсад 2025 оны тавдугаар сард төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлалын үеэр "Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Австри Улс хоорондын хэлэлцээр”-т Бүгд Найрамдах Австри Улсын Европ, олон улсын харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар гарын үсэг зурсан.
Тус хэлэлцээрийг хэрэгжүүлэх удирдлагын тохиролцоог Монгол Улсын талаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Бүгд Найрамдах Австри улсын талаас Хөдөлмөр, нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах сайд Коринна Шуман нар 2025 оны есдүгээр сарын 16-ны өдөр гарын үсэг зурж баталсан. Улмаар энэхүү батлагдсан удирдлагын тохиролцоог албан ёсоор солилцох арга хэмжээ 2025 оны есдүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Австри Улсад боллоо. Уг арга хэмжээнд Монгол Улсаас Австри Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд М.Цэнгэг, Австри Улсын Хөдөлмөр, нийгмийн хэрэг, эрүүл мэнд, асрахуй, хэрэглэгчийг хамгаалах яамны газрын дарга Манфред Полтл нар оролцлоо.
Монгол Улсын Засгийн газраас гадаад улсад ажиллаж, амьдарч буй Монгол иргэдийн нийгмийн баталгааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж ирсний нэг нь Монгол Улсын иргэд олноор оршин суудаг улс орнуудтай нийгмийн хамгааллын хэлэлцээрийг байгуулж, хоёр улсын иргэдийн нийгмийн харилцаанд харилцан тэгш эрхтэй байх, тухайн улсын иргэний нэгэн адилаар тэтгэвэр, тэтгэмж авах хууль эрх зүйн үндсийг бүрдүүлэх ажил юм гэж Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!