Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрөгч долоо хоногт хийсэн мэдээлэлдээ УИХ-аар баталсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын хэлэлцээрийг байгуулснаас үүдэн Монгол Улс 10 тэрбум ам.долларын алдагдал хүлээх болчхоод байна хэмээсэн.
Түүнээс хойш уг асуудалд албан ёсоор хариулт өгөх хэн нэгэн гарч ирээгүй байгаа юм. Мөн дээрх гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан бөгөөд даргаар нь Н.Энхбаярыг томилсон гэх мэдээлэл ч цацагдаад байгаа юм.
Харин өнөөдрийн чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа энэ асуудлыг хөндөж, ЗГХЭГ-ын зүгээс хариулт өглөө.
УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Намрын чуулган эхэлснээс хойш сэтгүүлчид парламентын гишүүдээс Монгол, Хятадын засгийн газар хоорондын хэлэлцээр буюу Гашуунсухай-Ганцмод боомтын асуудалтай холбоотой гэрээний талаар маш их асууж байна. Үнэхээр Монгол Улс $10 тэрбумын алдагдал хүлээх болсон уу гэх зэргээр асууж байгаа. Энэ нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуайн хийсэн мэдээлэлтэй холбоотой.
Гашуунсухай-Ганцмод боомтын гэрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн тийм байр суурьтай байхад Засгийн газрын зүгээс албан ёсны тайлбар өгөхгүй их удлаа. Үнэхээр тийм алдагдалтай гэрээ байгуулсан уу гэдэгт Засгийн газар албан ёсны хариулт өгнө үү.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Ажлын хэсэг гараад гэрээний зөв, бурууг тогтоох гэж байгаа зүйл огт байхгүй. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр гуай хувь хүний бодол, байр сууриа илэрхийлсэн. Энэ бол одоогийн Засгийн газрын байр суурь биш. Үүнийг чуулганы танхим руу оруулж ирж, Засгийн газар, УИХ-ын асуудал болгоод байх шаардлагагүй. УИХ хамтын шийдвэр гаргадаг. Тэгээд одоо хэнийг буруутгах юм. Бид бүгд л кноп дарж, шийдсэн асуудал.
Хэрэв үнэхээр алдаатай гэрээ байвал УИХ л засна. Засгийн газар засахгүй. Шаардлагатай гэвэл алдаатай болсон эсэхийг хууль хяналт, мэргэжлийн байгууллагууд дүгнэх байх. Одоогоор энэ асуудалд Засгийн газрын зүгээс ямар нэг шийдвэр гаргасан зүйл байхгүй. Тиймээс гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу хоёр тал хүлээсэн үүргээ биелүүлээд явж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!