УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Энэ үеэр Тавантолгойн бүлэг ордын орлоготой холбоотой асуудал хөндөгдлөө. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Сүүлийн 10 жилд Монгол Улс Тавантолгойн бүлэг ордын орлогоор амьдарч байна.
Төсвийн хүрээний мэдэгдлийг харахаар төлбөрийн тэнцэл эхний зургаан сард 462 сая ам.долларын алдагдалтай байгаа юм. Валютын нөөц 304 сая ам.доллароор багассан. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө гэсэн үг.
Тэгэхээр төлбөрийн тэнцэлд яаж анхаарах вэ. Тавантолгойн бүлэг ордын лицензийн талбайн 4.1 хувийг эзэлдэг мөртлөө хүрэн нүүрсний 8 хувь, коксжих нүүрсний 9 хувь, нийт баталгаатай А нөөцийн 32-34 хувийг эзэмшиж буй Ухаа худагийн орд, үйл ажиллагаа явуулдаг "Энержи Ресурс" компанийн орлого нь Монгол Улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж байна уу" хэмээн асуув.
Түүний асуултад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Манай яаманд 2022 оны зургаадугаар сард улсын нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн Ухаа худаг уурхайн мэдээллийг гаргаж өгье. Нийт 34 жилийн хугацаанд ашиглагдах энэ уурхайгаас улс, орон нутагт төсөвт төвлөрүүлэх орлого нь 10.6 их наяд төгрөг. Нийт борлуулалт нь 67 их наяд төгрөг, ажлын байрны тоо 1,900, жилд төсөвт оруулах орлого 313.5 тэрбум төгрөг.
А зэрэглэлийн нөөц 479 сая тонн, В зэрэглэлийн нөөц 29.2 сая, С зэрэглэлийнх 68.5 сая тонн юм. А зэрэглэл нь хамгийн сайн судлагдаж батлагдсан нөөц юм" гэв.
Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг Тавантолгой орд газартай холбогдох бүх бичиг баримтыг цуглуулаад шинжээчийн дүгнэлт гаргаад гарын авлага тараасан.
Харамсалтай нь энэ хүрээнд цугларсан баримтаар нийт баталгаатай А нөөцийн 32-34 хувийг эзэмшиж байгаа Ухаа худагийн орд, үйл ажиллагаа явуулж байгаа Энержи ресурс компанийн орлого Монгол Улсын төлбөрийн тэнцэлд нөлөөлж байгаа эсэхийг хариулах хүн энэ танхимд алга. Энэ асуудлыг анхаарч, шийдвэрлэмээр байна" хэмээн нэмж ярив.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!