Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Оюутолгойн ₮1 их наядын татварыг цар тахлын үед аваад зарцуулчихсан. Хэрэв шүүхийн шийдвэр Рио Тинто талд гарчихвал буцааж төлнө"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.

Энэ үеэр Оюутолгой компанийн татварын маргаантай холбоотой асуудал хөндөгдлөө. УИХ-ын гишүүн О.Алтангэрэл "Уржигдар Лондонд Оюутолгойн арбитрын шүүх хурал эхэллээ.

Цар тахлын үед нэг их наяд төгрөгийн аваад тараачихсан. Шүүх хурлын явцад цугларсан нотлох баримтаас харахад энэ гэрээ Монгол Улсад асар их алдагдалтай болох нь нотлогдсон. 

Хэрэв энэ арбитрын шийдвэр Монголын талд ашиггүй гарвал төсөвт яаж нөлөөлөх вэ. Энэ талын тооцоолол бий юу.

Бидний үед ажлын хэсэг байгуулаад явж байсан арга хэмжээнүүдээ хэрэгжүүлж болохгүй байсан уу. Арбитрын шүүхийн шийдвэр Рио Тинто байгууллагын санаснаар Монголын татварын байгууллагын татварыг төлөх үндэслэлгүй гэж гарчихвал яах вэ. Оюутолгойн мөнгийг Монголын банкаар оруулж ирэх нь төлбөрийн тэнцлийг сайжруулах зүйл байсан" гэж асуув. 

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан "Оюутолгойн хувьд төлбөрийн тэнцлийн мөнгөний урсгалд хангалттай орж ирдэггүй. 2017 оны үед бүх мөнгөн урсгалыг нь Монголын санхүүгийн байгууллагаар явуулах заалт оруулж ирсэн боловч УИХ-аар дэмжигдээгүй. 

Зөвхөн дотоодын хэрэгцээний цалин хөлс, худалдан авалттай холбоотой мөнгө нь төлбөрийн тэнцэлд орж ирдэг. Гэхдээ шаардлагатай бүх борлуулалтын орлого нь манайхаар явдаг бол төлбөрийн тэнцэл дээр хэрэгтэй.

Арбитрын шүүх нэлээд ойртсон. Нэг их наяд төгрөгийн татварын төлбөр нь төсөв дээр орж ирээд төрийн сангаар дамжигдаад зарцуулагдчихсан. Хэрэв муугаар бодвол шүүхийн шийдвэр нөгөө талд гарчихвал буцааж төлөх эрсдэл ирнэ" гэлээ.

видео:

https://www.facebook.com/iKonNews/videos/1766321430658748