Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр экспорт 2025 оны эхний найман сард нийт 157 улстай гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.доллар болж, экспорт 9.2 тэрбум ам.доллар, импорт 7.5 тэрбум ам.доллар байна.
Гадаад худалдааны тэнцэл 1.7 тэрбум ам.долларын ашигтай гарч өмнөх оны мөн үеэс 1.4 тэрбум ам.доллароор буурсан байна.
Экспорт 2025 оны эхний найман сард 9.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллароор буюу 13.8 хувиар буурчээ. Уг бууралтад нүүрсний экспорт 2.7 тэрбум ам.доллароор буюу 43.7 хувиар, угаасан ноолуур 238.9 сая ам.доллароор, боловсруулаагүй газрын тос 43.3 сая ам.доллароор, хагас боловсруулсан алт 35 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.
Харин зэсийн хүдэр баяжмалын экспорт өмнөх оны мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 74.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Импорт 2025 оны эхний найман сард 7.5 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 24.7 сая ам.доллароор буурсан байна.
Үүнд ачааны автомашин 128.9 сая ам.доллар буюу 26.6 хувиар, нийтийн тээврийн хэрэгсэл 44 сая ам.доллар буюу 73.6 хувиар, бульдозер, экскаватор зэрэг тоног төхөөрөмжүүд 32.5 сая ам.доллар буюу 15.1 хувиар, дизель түлш 30.5 сая ам.доллар буюу 3.5 хувиар буурсан нь голлох нөлөө үзүүлжээ.
Харин суудлын автомашин өмнөх оны мөн үеэс 128.6 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!