Өнөө шөнө буюу есдүгээр сарын16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0 градусаас хүйтэн хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг цаг уурын байгууллагаас анхааруулаа.
Өчигдөр шөнө мөн адил Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан, Төв, Хэнтий аймаг болон Улаанбаатар хот орчмоор хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтэрч цаг агаарын гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн юм.
Мөн Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар хөрсөн дээр 0-4 градус хүрч цаг агаарын аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн байна.
Жилийн дулаан улирал буюу агаарын температур эерэг утгатай байхад үед агаарт эсвэл хөрсний гадарга дээр температур 0 буюу түүнээс бага болж буурахыг ЦОЧИР ХҮЙТРЭЛ гэнэ. 0 градусаас бага температуртай хүйтэн агаар тухайн газар нутагт шилжин ирэх эсвэл газрын гадарга, цацрагийн замаар дулаанаа их хэмжээгээр туяаруулан алдаж хөрөх зэрэг шалтгаанаас цочир хүйтрэл болох нөхцөл бүрддэг байна.
Уул нуруу, дов толгодоор хүрээлэгдсэн битүү хотгор, ойн цоорхой, нарийн хөндий уул толгодын бэл газраар цочир хүйтрэлийн аюул их байдаг аж. Цочир хүйтрэлийг хяруу унах, хяруунд тариа цохиулах, гэнэтийн хүйтрэл ч гэж нэрлэх нь бий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!