Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын ХАА-н бүтээгдэхүүн Хятадын зах зээлд маш их эрэлттэй ч экспортыг нэмэгдүүлэхэд анхаарах гурван асуудал бий"

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын эхээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-ын Тяньжин хотноо болсон Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага(ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалтад оролцсон. 

Энэ үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан юм. Уг уулзалтаар "Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, түүний дотор худалдаа, эдийн засаг, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр зэрэг салбарын хамтын ажиллагааг урагшлуулах тодорхой асуудлуудаар санал солилцож, нэгдсэн ойлголцолд хүрсэн" хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын Газар(ЕТГ)-аас мэдээлээд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр таван баримт бичигт гарын үсэг зурсныг онцолсон.

Тодруулбал

  1. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын протокол”,
  2. “Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газрын хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
  3. “Хэмжил зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,
  4. “Тохирлын үнэлгээний чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Зах зээлийн зохицуулалтын удирдах газар (Үндэсний баталгаажуулалт, итгэмжлэлийн удирдах газар) хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг”,
  5. “Монголын Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлаг, Хятадын мэдээллийн групп хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг” зэрэг болно.

Эдгээр баримт бичиг нь Монгол Улсаас БНХАУ-д экспортлох хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж болохоор байгаа юм. Иймд дээрх баримт бичгийн зорилго, хэрэгжүүлэхэд юуг анхаарах хэрэгтэй байгаа талаар төрийн тэргүүн нарын уулзалтад биечлэн оролцсон Монгол Улсад БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаниас тодруулав.

Тэрбээр "Урт хугацааны туршид уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа нь Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны тулгуур байсаар ирсэн хэдий ч үргэлж хоёр талын хичээн чармайж ирсэн зорилт бол худалдааны бүтцийг сайжруулах, шинэ өсөлтийн эх үүсвэрийг нээх явдал юм.

Энэ удаа байгуулсан “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад экспортлох үеийн зөгийн балд тавигдах хяналт, хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагын тухай” протокол, “Амьтан, ургамал хилээр оруулах, гаргах үеийн хорио цээрийн техникийн хамтын ажиллагааны тухай” санамж бичиг зэрэг нь худалдааг төрөлжүүлэх чиглэлээр талуудын дахин нэг хүчин чармайлт гаргаж буйн илрэл.

Хятад улс Монгол Улсын гэрийн үүдэнд байдаг асар том зах зээл юм. Хятадын хүн ам 1.4 тэрбум, түүний дотор 400 сая орчим нь дундаж орлоготой давхаргад багтдаг. Хятадууд “Хоол хүнс бол амьдралын үндэс” гэж үздэг учир Хятадын ард түмний сайхан амьдралын хүсэл тэмүүлэл нь тэдний хүнсний хэрэглээний төрөл, чанар, хүртээмжид тавих анхааралд ч бүрэн илэрдэг.

Зөвхөн Монголын давуу талтай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг авч үзэхэд, эдгээр нь Хятадын зах зээлд маш их эрэлттэй. Талууд улаанбуудай, сүү сүүн бүтээгдэхүүн, малын тэжээл, ноолууран бүтээгдэхүүн, нядалгааны зориулалтын хонь зэрэг олон төрлийн бүтээгдэхүүний хамтын ажиллагааны олон баримт бичигт гарын үсэг зурсан байна. Мөн хоёр талын хорио цээрийн хяналт шалгалтын стандартуудыг нийцүүлэх асуудал ч хамрагдсан юм.

Бид Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Хятад руу экспортлохыг өргөжүүлэх асуудалд нээлттэй ханддаг, одоогоор бодлогын хувьд ямар нэгэн саад байхгүй, гурван л чухал асуудал байна.

  1. Уялдаа холбоогоо сайжруулж, гарын үсэг зурсан хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
  2. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг орчин үеийн, эрчимжсэн хэлбэрт шилжүүлж, бүтээгдэхүүний тоо хэмжээ, чанарыг сайжруулах шаардлагатай.
  3. Миний ойлгож байгаагаар Монгол Улс одоогоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын мал амьтны гаралтай өвчний голомтот бүсийн жагсаалтад бүртгэгдсэн хэвээр байна, Монголын талаас аль болох хурдан арга хэмжээ авч, энэ статусыг цуцлуулна гэж найдаж байна" гэж хариуллаа.