Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ.
Тус шийдвэрийг танилцуулах үеэр ипотекийн зээлийн журмыг шинэчлэх ажлын явцын талаар мэдээлэл өглөө.
Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин "Засгийн газраас орон сууцны санхүүжүүлэлтийн тогтолцоог сайжруулах, бусад өндөртэй хөгжилтэй орнуудын сайн жишигт тулгуурлаад үр ашгийг нь дээшлүүлэх, хүртээмжтэй болгох, хүүгийн зардлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг гарсан. Ипотекийн зээлийн банк байгуулах асуудал яригдаж байгаа.
Монголбанкнаас 6 хувийн хөнгөлөлттэй ипотекийн хөтөлбөртэй холбоотойгоор журамд тодорхой заалт оруулж, шаардлагатай хүмүүст нь илүү хүртээмжтэй болгох чиглэлээр санал боловсруулсан байсан. Үүнийг Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажилтай нь уялдуулж хийхээр төлөвлөж байгаа.
Дээрх ажил 2026 онд хийгдэх тооцоололтой байна. 6 хувийн хөтөлбөрийн хувьд 2025 он гарснаас хойш 800 орчим тэрбум төгрөгийн зээлийг 6,200 орчим иргэнд олгосон. Энэ онд Монголбанк, Хуримтлалын сан, банкнуудын эх үүсвэрээр 1.2 их наяд төгрөгийн 6 хувийн ипотекийн зээл гаргана. Зээл авагчдын 35-36 хувь нь орон нутгийн иргэд байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!