ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Лхагвасүрэн: Инфляц өндөр байгаагийн том нөлөө нь 2024 оны 11 дүгээр сард цахилгааны үнэ өссөнтэй холбоотой

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. 

Тус шийдвэрийг танилцуулах үеэр 2026 онд дулааны үнийг нэмэхтэй холбогдуулан инфляцад хэрхэн нөлөөлөх төлөөр сэтгүүлчид тодрууллаа. 

Энэ асуудалд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Өнөөдөр бодлогын хүү 12 хувьтай байна. Инфляц наймдугаар сарын эцэст 8.8 хувьтай гарсан. Энэ хоёрын хооронд зөрүү болох бодит хүү 3.2 хувьтай байгаа нь цаашдаа бодлогын хүүг бууруулах орон зай байна гэсэн үг.

Хэрэв инфляц энэ орчинд тогтвортой байвал цаашдаа бодлогын хүү буурах боломжтой. 2023 оны хоёрдугаар хагаст инфляц нэг оронтой тоо руу орсон. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд нэг оронтой тоотой явлаа. 8.8 хувийн инфляцыг хүнсний бүтээгдэхүүн, импортын бараа бүтээгдэхүүн, дотоодын хүнсний бус бүтээгдэхүүн гэсэн гурван бүлэгт хувааж болно.

Инфляцын 8.8 хувьтай өндөр байгаагийн том нөлөө нь өнгөрсөн оны 11 дүгээр сард цахилгааны үнэ өссөнтэй холбоотой. Төр, захиргааны байгууллагын шийдвэр болон хүнсний бүтээгдэхүүний үнийн нөлөө инфляцыг огцом хөдөлгөж байгаа. Энэ хөдөлгөөн байхгүй бол бодлогын хүү буух боломжтой. 2027 онд инфляцыг 5 голчтой болох боломжтой. 

Дулаан, цахилгааны үнийг төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээ гэж нэрлэдэг. Өнөөдрийн 8.8 хувийн инфляцын 1.9 нэгж хувийг төрийн зохицуулалттай бараа, үйлчилгээний үнэ эзэлдэг. Тэгэхээр дулааны үнэ ангилалд нөлөөлнө. 

Бидний харж буйгаар 1.9 нэгж хувийн нөлөө 11 дүгээр сард багасна. Учир нь инфляц жилээр хэмжигддэг. Дулааны үнэ 11 сар юм уу, 2026 онд нэмэгдвэл тухайн үедээ нөлөө нь орж ирнэ" гэв.