Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

Шэнь Миньжуань: Хятад улс энэ онд багтаан ШХАБ-ын гишүүн орнуудад 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Б.Бадамгарав, IKon.mn
2025 оны 9 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын эхээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс(БНХАУ)-д Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага(ШХАБ)-ын дээд хэмжээний уулзалт болсон.

Уг уулзалтад Монгол Улс болон Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч нар мөн оролцсон бөгөөд хоёр болон гурван талт харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцээнүүд өрнөсөн юм.

Дээрх асуудлуудын талаар Монгол Улсад БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань өчигдөр нэгдсэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын талаар "Анх зургаан улстайгаар үүсгэн байгуулагдаж байсан ШХАБ байгуулагдсан цагаасаа хойших 24 жилийн хугацаанд Ази, Европ, Африк гурван тивийг хамарсан 27 оронтой “ШХАБ-ын гэр бүл” болон өргөжиж, дэлхийн хамгийн их хүн амыг хамарсан, хамгийн өргөн газар нутагтай, хамгийн их хөгжлийн боломжуудтай бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага болжээ. Саяхан өндөрлөсөн ШХАБ-ын Тяньжины дээд хэмжээний уулзалт нь өнөөг хүртэлх хугацааны хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн арвин үр дүнтэй уулзалт боллоо.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн хурал, “ШХАБ+” уулзалтыг даргалж, 23 улсын төрийн тэргүүн болон төлөөлөгч, 10 олон улсын байгууллагын тэргүүнүүдтэй нөхөрлөлөө бататгаж, хамтын ажиллагаагаа зөвлөлдөж, хөгжил дэвшлийг хамтдаа төлөвлөлөө.

Ши Жиньпин дарга Даян дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлсэн нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын хамгийн том онцлох үйл явдал болсон. Даян дэлхийн засаглалын санаачилга үндсэн таван үзэл баримтлалыг агуулж байна. Үүнд Тусгаар улсын бүрэн эрх, эрх тэгш байдлыг эрхэмлэх, олон улсын хууль эрх зүйг дээдлэх, олон талт үзлийг хэрэгжүүлэх, хүн төвтэй хандлагыг уриалах, үйл ажиллагааны чиг баримжааг анхаарах юм. Эдгээр нь НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчмуудтай уялдаатай, дэлхийн засаглалын хувьд “Хэн засаглах вэ, хэрхэн засаглах вэ, хэний төлөө засаглах вэ гэсэн амин чухал асуултад системтэй хариултыг гаргаж өгч байгаа юм. Энэ нь дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт болон НҮБ-ын 80 жилийн ой тохиож буй түүхэн чухал цаг мөчид, дэлхийн засаглалын алдагдлыг шийдвэрлэх, тэгш шударга, зүй зохистой олон улсын дэг журмыг хамгаалахын төлөө Хятад улсаас дэвшүүлж буй арга шийдэл юм.

Хятадын тал Монголын талтай хамтран, “Бүс ба Зам санаачилгын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, дөрвөн том санаачилгын хэрэгжилтийг ахиулж, хоёр талт хамтын ажиллагаа болон НҮБ, ШХАБ зэрэг олон талт платформын хүрээнд дайны дараах олон улсын дэг журмыг хамтдаа сахин хамгаалж, жинхэнэ олон талт үзлийг дахин сэргээж, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг урагшлуулан, хөгжиж буй орнуудын эрх ашгийг баталгаажуулж, дэлхий нийт энх тайван, аюулгүй, хөгжиж цэцэглэсэн, ахиц дэвшилтэй гэрэлт ирээдүйд хүрэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна" гэж байв.

Харин хүрсэн үр дүнгийн талаар Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань "Нэгдүгээрт ШХАБ-ын ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг баталж, гишүүн орнууд “ШХАБ-ын үзэл санаа”-г тодорхой дагаж мөрдөх, харилцан ашигтай хамтын ажиллагаа, харилцан үр дүнд хүрэх зарчмыг тууштай баримталж, олон туйлт дэлхийд илүү их хувь нэмрээ оруулахаар тодорхойлсон.

Хоёрдугаарт дэлхийн II дайны ялалт болон НҮБ байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан хамтарсан мэдэгдэл гаргаж, олон улсын хамтын нийгэмлэгийн хувьд дэлхийн II дайны түүхийн зөв үзэл баримтлалыг тууштай сахиж, НҮБ-д төвтэй олон улсын тогтолцоог хамгаалахыг уриалсан.

Гуравдугаарт Дэлхийн худалдааны байгууллагыг төв болгон олон талт худалдааны тогтолцоог дэмжиж буйгаа мэдэгдэл хэлбэрээр илэрхийлж, Дэлхийн худалдааны байгууллагын дүрэм журмыг зөрчсөн нэг талын арга хэмжээг халахыг уриалж, нээлттэй дэлхийн эдийн засгийг хамгаалахад зорих юм.

Дөрөвдүгээрт ШХАБ-ын аюулгүй байдлын заналхийлэл, сорилтуудыг шийдвэрлэх нэгдсэн төв болон түүний дэргэдэх мэдээллийн аюулгүй байдлын төв, хил дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх төв, ШХАБ-ын мансууруулах бодистой тэмцэх төв гэсэн “аюулгүй байдлын дөрвөн төв”-ийг үүсгэн байгуулахаа зарлалаа.
Тавдугаарт ШХАБ-ын хөгжлийн банк байгуулах шийдвэр гаргаж, цаашид ШХАБ-ын орнуудын дэд бүтцийн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр шийдвэрлэлээ.

Зургаадугаарт Хятад—ШХАБ-ын эрчим хүч, ногоон үйлдвэрлэл, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны гурван том платформ болон шинжлэх ухаан-төхнологийн инновац, дээд боловсрол, мэргэжлийн боловсролын гурван хамтын ажиллагааны төвийг тус тус байгуулахаар шийдвэрлэсэн.

Долдугаарт эрчим хүчний тогтвортой хөгжил, ногоон үйлдвэрлэл, дижитал эдийн засаг, хиймэл оюун ухаан, шинжлэх ухаан-технологийн инновацын хамтын ажиллагааны тухай таван тунхаглал гаргаж, эдгээр дээр нэмээд одоо идэвхтэй хэрэгжүүлж буй Хятад—ШХАБ-ын орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжлийн үйл ажиллагааны төлөвлөгөө гэсэн 6 том арга хэмжээний төлөвлөгөө нь “шинэ чанартай үйлдвэрлэлийн хүчин чадал + худалдаа, хөрөнгө оруулалт + үйлдвэрлэлийн сүлжээний хамтын ажиллагаа"-г багтаасан өндөр чанартай хөгжлийн цогц шийдэл болгохоор тогтлоо.

Наймдугаарт ШХАБ-ын ажиглагч орон болон яриа хэлэлцээний түншүүдийг нэгтгэн “ШХАБ-ын түнш” гэсэн нэгж болгон өөрчилж, Лаос улсыг түншээр хүлээн авч, ШХАБ-ын гэр бүлийн гишүүдийн тоог 27 болголоо.

Эдгээр үр дүн нь бүс нутгийн аюулгүй байдлыг хамгаалахад төдийгүй гишүүн орнуудын хөгжилд чухал дэмжлэг болж, бүс нутгийн тогтвортой хөгжилд шинэ эрч хүч нэмж байна.

Үнэн хэрэгтээ ШХАБ-ыг илүү сайн хөгжүүлэхийн төлөө Хятад улс үргэлж “бодит” бүхэнд ач холбогдол өгч ирсэн.

Хятад улс шаардлагатай гишүүн орнуудад “жижиг боловч үр дүнтэй” ард иргэдийн амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн 100 төслийг хэрэгжүүлэх, энэ онд багтаан гишүүн орнуудад 2 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлэх, ирэх гурван жилд Банкны консорциумын гишүүн банкуудад шинээр 10 тэрбум юанийн зээл олгох, ирэх оноос эхлэн ШХАБ-ын тэтгэлэг олгох квотыг хоёр дахин нэмэгдүүлж, ШХАБ-ын докторын оюутнуудад зориулан инновацын хөтөлбөрийг хэрэгжүүлж шилдэг эрдэм шинжилгээний боловсон хүчин бэлтгэх, ирэх таван жилд гишүүн орнуудад 10 "Лубаны цех" байгуулна, 10 мянган хүнийг сургалт, дадлагад хамруулах зэрэг бодит арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Хятад улс Монгол Улсыг ШХАБ-ын гишүүн орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэг алхам урагшлан ШХАБ-ын их гэр бүлд улам бүр нэгдэж, ШХАБ-ын хөгжил болон бүс нутгийн интеграцад хамтдаа хувь нэмрээ оруулахыг урьж байна" гэв.