Өнөө шөнө буюу есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутгаар хөрсөн дээр 0 градусыг давж цочир хүйтрэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Мөн Булган, Төв, Хэнтийн нутаг болон Улаанбаатар хот орчимд хөрсөн дээр -5 градусыг давж цочир хүйтрэх юм байна.
Газар тариалангийн бүс нутгаар хүйтэрч хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулав.
ДОХИО! гэдэг нь цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ юм. Гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэхгүй боловч бүх төрлийн үйлдвэрлэл үйлчилгээ, ард иргэдийн хэвийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хүндрүүлэх, цаашид гамшигт хүргэж болзошгүй ус цаг уурын элемент, үзэгдлийг ЦАГ АГААРЫН АЮУЛТАЙ ҮЗЭГДЭЛ гэнэ.
Жилийн дулаан улирал буюу агаарын температур эерэг утгатай байхад үед агаарт эсвэл хөрсний гадарга дээр температур 0 буюу түүнээс бага болж буурахыг ЦОЧИР ХҮЙТРЭЛ гэнэ. 0 градусаас бага температуртай хүйтэн агаар тухайн газар нутагт шилжин ирэх эсвэл газрын гадарга, цацрагийн замаар дулаанаа их хэмжээгээр туяаруулан алдаж хөрөх зэрэг шалтгаанаас цочир хүйтрэл болох нөхцөл бүрддэг байна.
Уул нуруу, дов толгодоор хүрээлэгдсэн битүү хотгор, ойн цоорхой, нарийн хөндий уул толгодын бэл газраар цочир хүйтрэлийн аюул их байдаг аж. Цочир хүйтрэлийг хяруу унах, хяруунд тариа цохиулах, гэнэтийн хүйтрэл ч гэж нэрлэх нь бий.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!