Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Туваан: Нүүрсний үнэ бол 1-3 сарын хугацаанд шинэчлэгддэг үнэ. 16 жил $50 байна гэсэн үг биш

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Гашуунсухайт-ганц мод" боомтын хил холболтын асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Монгол Улсын ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурлын даргаар ажиллаж байсан хүн энэ талаар нийгэмд маш буруу ташаа, "луйврын" гэх нэр өгч мэдээлэл өгч байна.

"Гашуунсухайт-ганц мод" боомтын хил холболтын төмөр зам бол Монгол Улсын өмнөд хөрштэйгөө 70 жилийн дараа холбож буй хоёр дахь төмөр замын гарц юм. 20-оод жилийн турш улс төрийн гацаа, саадад орсон энэ төсөл хамтарсан Засгийн газрын үед ажил хэрэг болсон.  

Монгол Улс, БНХАУ-тай анх удаа Засгийн газар хоорондын хэлэлцээрээр асуудлыг шийдсэн. Уг хэлэлцээрт Ц.Дэлгэрсайхан сайд болон миний бие засгийн газраа төлөөлж гарын үсгээ зурсан. 

Энэ хэлэлцээр нь 100-аад УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр соёрхон батлагдсан. Нийтдээ гурван удаа УИХ-аар орж байж хийгдсэн хэлэлцээр юм. Нууц хэлэлцээр огт биш. 

Эрдэнэс Тавантолгой компани уул уурхайн биржээр болон урт хугацааны гэрээгээр нүүрс борлуулж байгаа. Энэ хоёрын зөрүүг хольж яриад байна. Уул уурхайн биржээр зарсан үнэ нь амны үнэ дээр нэмээд тээврийн зардал ороод БНХАУ-ын Ганцмод боомт дээр очиж буух үнэ юм. 

Хямдхан гэж яриад байгаа үнэ нь тээврийн зардлыг оруулаагүй зөвхөн амны үнэ юм. Тээврийн зардлыг оруулалгүйгээр зөрүү гаргаж ярьж байгаа нь буруу ойлголт. Нүүрсний үнэ бол 1-3 сарын хугацаанд үнэ нь өсөхийн хэрээр дахин томьёогоороо шинэчлэгддэг үнэ юм. 16 жил  $50 байна гэсэн үг биш. 

Гурвыг цогцоор нь буюу нэгдүгээрт төмөр замын хил холболтын гэрээний дагуух ажил эхлэх гээд бэлтгэл ажлын шат дээрээ явж байна.

Хоёрдугаарт нүүрс борлуулалтын гэрээ нь ямар ч бартер, зээл байхгүй. Чайна энержи компани мөнгөө төлөөд тэр мөнгө нь Монгол улсын дансанд ороод явж буй шууд борлуулагдаж байгаа үнэ юм.

Гуравдугаарт уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх буюу Онч хараат, Бор толгой хоёр ордын хайгуулыг баталгаажуулж олборлолтыг нэмэгдүүлснээр экспортыг нэмэгдүүлэх ажил судалгааны шатандаа явж байна. 

247 сая тонн нүүрс гэдэг нь эхний таван жилд нийт 27 сая тн нүүрс борлуулна. Зургаа дахь жилээс хоёр орд ашиглалтад орж Тавантолгойн хүчин чадал нэмэгдэж жилдээ 20 сая тн нүүрсийг нэмж борлуулах боломж бүрдэнэ. 

2024 онд бид 83 сая тн нүүрсний 90 хувийг авто замаар экспортод гаргасан. Үүнээс дээш нэмж экспортлох боломж нь төмөр замын боомтуудыг ашиглалтад оруулах юм. 

Зарим хүмүүс өөрсөд шигээ санаад байна. Би шалгуулахад бэлэн байна. 10 тэрбум доллар гэдэг бол бага мөнгө биш. Ойролцоогоор Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгтэй тэнцүү. Баримжаатай ярих хэрэгтэй. 250 саяыг 40 доллароор үржүүлээд нэг тоо гаргачхаад андуураад явж байна.

Зарим хүмүүс илт гүтгэж байна. Жоомоо алах гээд гэрээ шатаасантай адил үлгэр болно шүү. Эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед хоёр улсын хоорондох асуудлыг улс төржүүлж, намын даргын сонгуульд нэгийгээ харлуулах байдлаар битгий ашиглаасай. Энэ гэрээ зогсвол Монгол Улсад маш хохиролтой асуудал болно" гэв.