ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гавьяат тамирчин Т.Тулга чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монголын багийн 80 дахь медалийн эзэн болов

Э.Тэмүүлэн, iKon.mn
2025 оны 9 сарын 15
IKON.MN
Зураг зураг

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Төрлүүд (UWW)-ийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Хорватын Загреб хотноо эрэгтэй чөлөөт бөхийн төрлөөр эхэлсэн билээ.

Хорватын Засгийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-ий нийт шагналын сан 8 сая евро. Үүний тэн хагасыг нь Хорватын Сангийн Яам болон Аялал Жуулчлал, Спортын Яам гаргаж байгаа аж.

Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд зодоглосон Монгол Улсын гавьяат тамирчин Төмөр-Очирын Тулга медаль хүртсэн юм. Олимпын бус жинд 28 орны 29 бөх зодоглосноос Т.Тулга эхний даваанд Молдавын Васил Диаконыг 2:0, дараагийн тойрогт Болгарын Михаил Гиоргиевийг 7:1-ээр ялж яваад цэвэр буулгасан бол шөвгийн наймд Гүржийн Акаки Кемертелидзег 11:0 буюу оноогоор цэвэр ялсан юм.

Улмаар хагас шигшээд өнгөрсөн жилийн энэ жингийн дэлхийн аварга Казахстаны Нуркожа Кайпановыг 5:2-оор илүүрхэж, дэлхийн хос медальтан боллоо.

Харамсалтай нь шигшээд Японы Йосиносүкэ Аоягид 1:5-аар дийлдсэнээр ДАШТ-ээс Монголын багийн хүртэж буй 29 дэх мөнгө, нийт 80 дахь медалийг хүртсэн.

Монголын эрэгтэй шигшээ багийн ДАШТ-ээс авч буй 44 дэх медаль

зураг
 

Сонирхуулахад бөхийн төрлүүдээс сонгомлын ДАШТ 1921 онд, эрэгтэй чөлөөт бөх 1951, эмэгтэйчүүд 1987 оноос аваргаа тодруулж эхэлсэн түүхтэй. Хожим буюу 2005 оноос нэгдсэн холбоо байгуулагдсан. Монголын бөхчүүд дээрх тэмцээнээс 7 алт, 29 мөнгө, 44 хүрэл медаль хүртээд байна.

Тухайлбал эрэгтэй чөлөөт бөхийн тамирчид 3 алт, 16 мөнгө, 25 хүрэл медаль хүртжээ.

Т.Тулга гурван жилийн өмнө Норвегийн Осло хотод болсон ДАШТ-ий эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд хүрэл медаль хүртэж байв. Тэгвэл эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинг албан ёсоор 2014 оноос хойш дэлхийн тэмцээнд нэгдсэн. Түүнээс хойш энэ жинд дэлхийгээс анхны медаль авсан монгол тамирчин нь Т.Тулга болов.

Эхний хоёр өдрийн байдлаар эрэгтэйчүүдийг Ираны баг тэргүүлж байна

Тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар эрэгтэйчүүдийн дөрвөн жинд дөрвөн өөр улсын бөхчүүд түрүүлэв. Иран, Япон, АНУ, Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооны нэр дээр барилдаж буй баг тус бүр нэг алт, Азербайжан, Монголын баг тус бүр нэг мөнгөтэй байна.

Багийн дүнгээр тэргүүлж буй улс:

  • Иран - 80
  • АНУ - 75
  • Азербайжан - 68
  • Япон 65
  • ОХУ - 63
  • Киргиз - 41
  • Казахстан - 34
  • МОНГОЛ - 30
  • Хойд Солонгос - 30
  • Албани - 22

Жич: Алтан медалийг 25, мөнгө 20, хүрлийг 15 оноо дагалддаг. ОХУ болон Беларусийн багийн амжилт албан ёсны дүнд орохгүй.

Өнөөдөр О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө барилдана

Эрэгтэйчүүдийн 79 кг-ын жинд барилдсан О.Сүлдхүү эхний даваанд хийлээд Туркийн Метехан Япракийг 11:5-аар илүүрхэж, дараа нь Францын Зелимхан Хаджиевийг 3:1-ээр хожсон. Хагас шигшээд АНУ-ын Леви Хайнст 1:4-өөр ялагдсанаар өнөөдөр хүрлийн төлөө барилдах юм.

Тодруулбал орос гаралтай Бахрейны бөх Курбанович Сайпудинов, БНСУ-ын Сео Бум Ге нарын ялсан нь ОХУ-ын Ахмед Усмановтой хүч үзнэ. Тэдний ялсантай нь О.Сүлдхүү хүрэл медалийн төлөө өрсөлдөх аж.