УИХ-ын дарга Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэрбээр "Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулийн үзэл баримтлал, философи нь социалист нийгмээс салж чадаагүй байгаа нөхцөлийг бүрэн өөрчлөх зорилгыг тавьж, стратегийг баталсан. Ард иргэдтэй уулзсан уулзалтуудын дүгнэлтээр монголын төр өөрөө ард түмний зовлон болсон байна. Парламентад суудалтай байгаа таван нам зөвшилцлийг өндөр түвшинд хийж, төрийн сул тал болсон, шүүмжлэлд өртөж байгаа хэсэг болгоныг засаж залруулахын төлөө хамтарч ажиллах ёстой" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр энэ намрын чуулганаар дараах таван гол зүйл дээр анхаарлаа хандуулж ажиллахаа танилцууллаа.
- Монголын төрийн социализмын үеэс эхлэлтэй төрийн данхайсан бүтцийг өөрчлөхөд чиглэж ажиллана. Олон яам, агентлаг, шаардлагагүй мөртлөө маш олон төрийн болон орон нутгийн өмчит компаниудтай байгаа байдал нь монголын төрийн маш том сул тал болсон.
- Ард иргэдэд хүндрэл, хүнд суртал үүсгэж буй хэдэн мянган давхардсан шаардлагагүй процессуудыг үгүй хийнэ. Улмаар төр илүү хурдтай үйлчилгээ үзүүлэхэд тусална. Процессын дахин инженерчлэлийг бодитой ажил хэрэг болгохын төлөө улсын их хурал хяналт тавьж засгийн газарт шаардлага тавьж ажиллана.
- Хууль тогтоомжийн хуульд орсон үндсэн зорилго нь монгол улсад авлига, хүнд суртлын үндэс болсон олон мянган дүрэм журмыг хуульд шингээх юм. Монгол Улсад нийтлэг харилцааг зохицуулж буй 350 орчим хууль, 2,768 журам байна. Нийгмийн харилцааны 70 хувийг дүрэм журмаар зохицуулж байгаа нь нийгмийн тэгш бус байдлыг бий болгож, хөрөнгө чинээтэй хүмүүст илүү боломж олгох нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд ирэх оны тавдугаар сарын 1-ний дотор олон дүрэм журмыг хуульд шингээхэд чиглэж ажиллана.
- Засгийн газраас өргөн баригдахаар бэлтгэгдэж байгаа татварын хуулийн төслийг харахад иргэдийн хүсэж байгаа өөрчлөлтийг хийж чадахааргүй төсөл байна гэж харлаа. Монгол Улсад татварын реформ хийх хэрэгтэй. Иймд улсын их хурлын намрын чуулганаар татварын хуульд нэмэлт өөрчлөлт бус реформын шинжтэй томоохон өөрчлөлт хийх санаачилгыг гаргаж ажиллана.
- Монгол улсаас бусад бүх улс орон хуримтлалын хувийн нэрийн данстай болчихсон нийгмийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх аргыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа сул талыг хэлэлцэж, өөрчилнө гэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!