Нийслэлд Азийн Хөгжлийн Банкны хөнгөлөлттэй зээлээр сургууль, цэцэрлэгийн долоон барилга баригдаж байна.
Шинэ байр, өргөтгөлөө хүлээх хугацаандаа гурван ээлжээр болон цахимаар хичээллэх зэрэг зохицуулалтыг сургуулиуд хийж байгаа юм. Тухайлбал нийслэлийн Ирээдүй цогцолбор сургууль өргөтгөлийн байраа ашиглалтад орох хүртэл буюу аравдугаар сарын 1-н болтол хичээлийн хоёр байрандаа цагийн зохицуулалт хийж, гурван ээлжээр хичээллэж байгааг Нийслэлийн Боловсролын Газраас мэдээлсэн. Харин нийслэлийн Зургаадугаар сургууль нь хичээлийн нэг байртай тул их засвар, өргөтгөлийн ажлын хугацаанд цахимаар хичээллэж байна.
2,000 орчим сурагчтай Зургаадугаар сургуулийн байрыг гурван давхар болгон өргөтгөх ажлын явц ямар байгааг сурвалжлахаар очлоо.
Сургуулийн эргэн тойрныг хашаалж, гуравдугаар давхрыг хийхээр төмөр каркас босгосон байв. Байр руу ороход нэгдүгээр давхрын ангиудын дотоод заслыг хийж байв. Гадаах талбайд ч ажил үргэлжилсээр байлаа.
Уг барилга 1973 онд ашиглалтад орсноос хойш томоохон засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас дээврээс дусаал гоожих, чийгтэж мөөгөнцөртдөг болоод байжээ. Мөн анги танхимын хүрэлцээг сайжруулах, суралцах, хөгжих таатай орчныг бүрдүүлэхийн тулд гурван давхар болж өргөтгөх хүсэлтээ 10 жилд шат шатны байгууллагадаа уламжилсны үр дүнд Азийн Хөгжлийн Банкны 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр их засвар, өргөтгөлийг эхлүүлсэн байна.
Зургаадугаар сургуулийн Ахлах ангийн сургалтын менежер Б.Баасандорж "Манай сургууль 57 бүлэгт 1,972 сурагчтай, 120 орчим багш ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Сургуулийн барилга ашиглалтад орсноос хойш 53 жилийн хугацаанд нэг ч удаа томоохон засвар үйлчилгээ хийгдээгүй. Сантехник, дээврийн асуудал хүндэрсэн. Сүүлийн 2-3 жилд үе шаттайгаар хөрөнгө оруулалтын ажлууд хийж байгаа. Тухайлбал спорт заалыг засаж, хөлбөмбөгийн талбайг шинээр байгуулсан. Энэ жил гурван давхар болгож өргөтгөхийн зэрэгцээ сантехникийн босоо, хэвтээ шугамаа шинэчилж байна.
Гурван давхар болж өргөтгөх хүсэлтээ 10 жилийн турш шат шатандаа өгсөөр байсан. Хуучны барилга учраас дусаал гоождог, мөөгөнцөртдөг, чийг ихтэй гээд сурагчид, багш ажилтнуудын эрүүл мэндэд хортой байлаа. Өнгөрсөн жил төслийг маань Азийн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлэхээр болж, гуравдугаар сард тендер нь зарлагдан "Юувокү" гэдэг компани шалгараад ажиллаж байгаа. Барилгын ажил зургаадугаар сарын 10-ны үед эхэлсэн.
Гүйцэтгэгч компани, сургуулийн удирдлага, яамны төлөөлөл, боловсролын газар хамтран хуралдаад есдүгээр сарын 22-н хүртэл цахимаар хичээллэх шийдвэр гаргасан" гэлээ.
Одоогоор Зургаадугаар сургуулийн 2-12 дугаар ангийн 1,700 орчим сурагч цахимаар хичээллэж байгаа. Ингэхдээ нэг хичээлийг 20 минутаар орж, нэгдүгээр ээлжийг 09:00-12:00 цаг, хоёрдугаар ээлжийг 12:00-15:00 цагт хичээллүүлж байгааг сургалтын менежер Б.Баасандорж хэлсэн. Мөн тэрбээр эцэг эх, асран хамгаалагч нарыг үүссэн нөхцөл байдлыг ойлгож, хамтарч ажиллахыг хүсэж байлаа.
Тус сургуулийн цахим хичээлийн ирц дунджаар 70 хувьтай байна.
Сургалтын менежер Б.Баасандорж "Бид сурагчдаа танхимд аль болох товлосон хугацаанд нь хичээллүүлэхээр хичээж байгаа. Өдөр бүр зөвлөмж гарган, хяналт тавьж сургалт хэвийн явагдаж байна. Нэгдүгээр ангийн 175 сурагчийг нэг давхарт барилгын ажил явагдаагүй хэсэгт аюулгүй байдлыг нь ханган танхимд хичээллүүлж байгаа.
Хуучны барилга учраас төлөвлөгдөөгүй ажлууд гарч ирсэн. Гүйцэтгэгч компани сургуулийн 180 цонхыг бэхлэх, сантехникийн шугамыг засах гэх мэтээр ажиллаж байна. Мөн гал тогооны засварыг өөр компаниар хийлгэж байна.
Өдөр бүр компаниа шаардаж байгаа. Компани ч сайн ажиллаж байгааг хэлмээр байна. Нэг, хоёрдугаар давхарт барилгын ажил хийгээгүй. Дээврийн хучилтаа хийчихвэл доошоо дусаал гоожихоо болж, бүрэн засварласнаар хичээллэх боломжтой болох юм. Иймд есдүгээр сарын 22-ндоо багтааж, 1-2 давхартаа хичээллэмээр байна гэж хэлж байгаа. Уг нь гүйцэтгэгч компани ажлаа эрт эхлүүлэх талаар лавласан ч хичээл амрахыг хүлээхээс өөр арга байгаагүй. Гүйцэтгэлийн үнэлгээ, улсын шалгалт гээд сургууль зургаадугаар сарын 10-наас амрангуут ажил нь эхлээд явж байна" гэв.
Зургаадугаар сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор анги танхим хүрэлцээтэй болж, зарим анги нэг ээлжтэй болох боломжтой юм байна. Ингэснээр үдээс хойш давтлага өгөх, уралдаан тэмцээн зохион байгуулах, сургалт хүмүүжлийн ажлууд сайжрах буюу хүүхэд, багш хөгжих боломж бүрдэнэ хэмээн тэрбээр мөн нэмж хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!