ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг батлахгүй бол авлигын эсрэг яаж ч сайхан тэмцээд нэмэргүй"

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Зөвийг Шүгэлдэгчид ТББ”, “Иргэн та залуусын хүч” залуусын нэгдэл ТББ болон Иргэний нийгмийн байгууллагуудаас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж батлахыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлж буй талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

“Зөвийг Шүгэлдэгчид ТББ” нь цар тахлын үед гадаадад гацаад эх орондоо ирсэн залуусын нэгдэл юм. Эх орондоо ирсэн цагаасаа нийгмийн шударга бус байдал, хүний эрхийн зөрчил, авлига, "Эх орондоо л оччихсон" баримтат киног санаачилж байжээ.

Энэ талаар тус төрийн бус байгууллагын тэргүүн Г.Эрдэнэзул "2022 онд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг яригдаж эхэлсэн цагаас дэмжиж ажиллаж байсан. Учир нь хүн бүр Монгол Улсад авлига хамгийн том нүүрлэсэн асуудал гэдэг боловч тодорхой үйлдэл хийдэггүй. Үүний тод жишээ нь цар тахлын үед хүний эрх зөрчигдөж байхад эрх зүйн орчин гэж байгаагүй. Залуу хүний эр зоригоор шүгэл үлээж явсан гэж хардаг. 

Нийгмийн өөрчлөх, шударга байдлыг тогтоохын тулд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслөөр хамгаалагдах ёстой. Энэ хуулийн төсөл яригдаад байгаа боловч өнөөдрийг хүртэл батлагдаагүй. Энэ зөвхөн бидний хүсэл бус нийгмийн хүсэл гэдгийг та бүхэн зөвөөр ойлгоосой.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон улсын байгууллагаас Монгол Улсад авлигын индексийн шинэтгэлийн судалгаа хийгээд дүгнэхдээ жижиг авлига буурч байна. Төрийн байгууллагын авлига өндөр байгаа учраас НҮБ-д нэгдсэн юм бол Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг батлах ёстой гэсэн зөвлөмжийг 2, 3 удаа явуулсан. 

Үүргээ гүйцэтгэхээр ажлын хэсэг байгуулж байгаа атлаа дундаас нь хаячхаад байна. Төрийн бус байгууллагууд Засгийн газарт хяналт тавих ёстой. Энэ хуулийн төслийг хэн нэгэн нь анхаарахгүй бол дараа жил дахиад хаягдана" гэв.

"Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг баталснаар иргэдэд шударга байх зарчмыг хамгаалж өгнө"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн “Иргэн та залуусын хүч” залуусын нэгдэл ТББ-ын тэргүүн Б.Өлзийбат "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг 2021 оны арваннэгдүгээр сарын 11-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Таван бүлэг, 22 зүйл заалттай хуулийн төсөл байгаа.

Гол зүйл нь хэн нэгний боломжийг булаасан тэгш бус зүйлтэй бүү эвлэр, төр чамайг хуулиар хамгаалъя. Гэхдээ энэ нь хэн нэгнийг гүтгэсэн бус, ил байгаа мэдээлэл болон өш хонзонгийн зүйл биш байх ёстой. 

Олон улсад янз бүр байдаг. Жишээлбэл АНУ-д хувьцаатай холбоотой асуудал яригддаг. Харин Солонгост төрийн албан хаагч шударга байсны төлөө шүгэлдэхээс өмнөх эрх зүйн байдлыг нь дордуулахгүйн төлөө урамшууллаар хамгаалдаг. Мөнгө авах, хэн нэгнийг шүгэлдэх гэсэн үг биш. Шударга бус зүйлтэй эвлэрэхгүй байгаагийн чинь төлөө чиний эрх зүйн байдлыг дордуулахгүй гэсэн үг.

Монголд бол 100 мянгаас 1.5 тэрбум төгрөгийн урамшууллыг шүгэл үлээгчид өгнө гэж байгаа. Шүгэлдэх зөвлөлд дандаа хууль хүчний байгууллага орчихсон. Гэтэл Солонгост Авлигатай тэмцэх газрынхаа дэргэд тусгайлан агентлаг байгуулаад иргэдийн оролцоотойгоор хянадаг. 

Шийдвэр гаргагч УИХ, Засгийн газрын гишүүд Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төсөлд өртөнө. Гэхдээ шинэ 126 гишүүн арай өөр байх болов уу.

Хэрэв 2024-2028 онд энэ хуулийн төслийг батлахгүй бол авлигын эсрэг ямар ч сайхан тэмцээд нэмэргүй. Хамгийн сайн хяналт бол иргэдийн оролцоо. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийн төслийг баталснаар иргэдэд шударга байх зарчмыг хамгаалж өгнө" гэлээ.