ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/11-НД НИЙТЛЭГДСЭН

Есдүгээр сарын 13-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай байна

М.Батчимэг, ikon.mn
2025 оны 9 сарын 11
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Есдүгээр сарын 11, 12-нд өдөртөө ихэнх нутгаар дулаан байх боловч, 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-нд ихэнх нутгаар хур тунадас орж, салхи шуургатай хүйтэн байхыг цаг уурын байгууллагаас анхаарууллаа. 

2025 оны 09-р сарын 11-нээс 09-р сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Хур тунадас:

  • 12-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын баруун болон өмнөд хэсгээр,
  • 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр,
  • 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 15-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи:

12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 12-нд нутгийн баруун хэсгээр, 13-наас ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +16...+21 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.