Ц.Отгондаваа: Дөрвөн цагийн хугацаанд шалгалт хийхэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 258 зөрчил илэрсэн
Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-наас 2025 оны эхний найман сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн мэдээллийг өчигдөр өглөө.
ТЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа "2025 оны эхний найман сард зам тээврийн ослын шинжтэй 85,879 дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Үүнээс зам тээврийн осол 16,575, гэмт хэрэг 3,109, согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2,097 байна.
Тээврийн цагдаагийн алба хаагчдын шалгалтаар оны эхний найман сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23,035 зөрчлийг илрүүлж, арга хэмжээ авлаа.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 23,035 зөрчлийг ангилж үзвэл
- тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй 19,372
- жолоодох эрхээ хасуулсан үедээ гаргасан зөрчил 1,634
- тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн гаргасан 2,029 байна" гэв.
Авто замын засвар шинэчлэл, хяналт шалгалтын хүрээнд 157 цэгт 403 алба хаагч ажилласныг цагдаагийн хурандаа Ц.Отгондаваа мөн мэдээлсэн. Тэрбээр "177,350 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалтад хийхэд 131,142 зөрчил илэрсэн. Тухайлбал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3,002, алсын постонд ажиллаж буй алба хаагчид жолоодох эрхгүй 1,644 зөрчлийг илрүүлж, эрэн сурвалжлагдаж байсан 12 хүнийг олж илрүүллээ" хэмээв.
Тээврийн цагдаагийн алба хаагчид гэнэтийн шалгалтууд хийдэг. Тухайлбал 2025 оны наймдугаар сарын 22:00 цагаас 23-ны 02:00 цагт хийсэн шалгалтаар 463 цэгт 941 алба хаагчид хяналт шалгалт хийхэд 4,142 зөрчил илэрсэн байна.
Ердөө дөрвөн цагийн хугацаанд алба хаагчид
- согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 258,
- жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 150,
- эрэн сурвалжлагдаж байсан 35 хүнийг олж тогтоожээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400,000 төгрөгөөр торгодог. Харин энэ үйлдэл давтагдвал Эрүүгийн хуулиар шийтгэдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
