УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 7 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.
Шүүх хурлын өмнө Д.Саяннямбуугийн аав Д.Дашзэвэг уг асуудлын талаар өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Яллагдагчийн ар гэрийн зүгээс эрүүл саруул эдгээд ирчихсэн гэж цахим хуудас дээрээ бичсэн.
Эрүүл саруул эдгэх боломжгүй гэмтэл авсан. Саяхан Солонгос улсад нүүрний хугарсан ясыг хадсан. Одоогоор нүүрний ясны эдгэрэлт явагдаж байгаа учраас хагалгаанд 6-8 сарын дараа орно. Тархины цус хуралт, нүдний харааны эмчилгээний асуудал бий.
Манай хүүхдийг хөнгөн гэмтэл учруулсан гэж яллагдагчаар татсан. Яллагдагчаар татагдсан асуудал байх зүйл, зодооны үед зугтах гэж байхад нь таксинаас татаж буулгасан зүйл бий. Цагдаагийн байгууллага прокурорын хяналтад шийдвэрлэх байх.
Хилийн хориг гэдэг арай чангадсан асуудал байсан. Энэ хугацаанд маш олон удаа хяналтад байх ёстой юм байна. Хяналтад байхын тулд энэ сарын 15-наас явах хүсэлтэй байгаа.
Зодуулаад, дээрэлхүүлээд, доромжлуулсны дараа хүн ямар нэгэн үйлдэл хийх байх. Манай хүү сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Бусад залуучуудын адил сургуулиа төгсөж ирээд мэргэжлээрээ ажиллах мөрөөдөл нь хэсэг хугацаанд зогслоо.
Хүн хийсэн хэргийнхээ хор холбогдлыг арилгах ёстой. Шударга байгаасай гэж хүсэж байна. Зодсон хүүхдүүдийн эцэг эхчүүд надаас уучлалт гуйсан. Эмчилгээний зардал мөнгийг эмнэлэг рүү шилжүүлээд явж байгаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!