УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 7 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.С-ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан.
Уг хэрэгтэй холбогдуулан Эрдэнэбатын Тэмүүлэн, Цэрэнпунцагийн Санжаачойпэл, Лувсандоржийн Алтан-Очир нар одоогоор цагдан хоригдож байгаа.
Дээрх залууст зодуулсан гэх Д.Саяннямбуу Солонгос улс руу эмчлүүлэхээр явах гэж байгаа нь тогтоогдсон тул прокурорын байгууллагаас хилийн хориг тавих хүсэлт хүргэсэн аж.
Хохирогч Д.Саяннямбууд хилийн хориг тавих эсэхийг өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хэлэлцэж, прокурорын хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Мөн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Д.Саяннямбууг хүний биед санаатай хөнгөн хохирол учруулсан гэх шалтгаанаар Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлээр яллагдагчаар татсан юм байна.
Шүүхийн шийдвэрийн тойм:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал, яллагдагч болон түүний өмгөөлөгчийн тайлбар, яллагдагчийн хувийн байдал зэрэгтэй танилцаад, прокурорын гаргасан санал нь хууль зүйн үндэслэлгүй байх тул яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл яллагдагч Д.С-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах шаардлагагүй гэж үзэв.
Тоймыг бэлтгэсэн: Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Баярмаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!