Энэ долоо хоногийн Бямба гарагт "Автомашингүй өдөр" болно. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-наас өнөөдөр мэдээлэл өглөө.
Уг өдрийг автомашины хэрэглээнээс үүдэлтэй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой, Эрсдэлгүй эрүүл ирээдүй уриан дор зохион байгуулна.
Замын хөдөлгөөнийг хязгаарласан цэгүүдэд агаарын чанар болон автомашины дуу чимээний үзүүлэлтийг хэмжиж, есдүгээр сарын 16-ны өдөр эдгээр хэмжилтийг дахин хийж харьцуулсан судалгаа хийхээр болжээ.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "2025 оны есдүгээр сарын 22-ны өдрийг дэлхий нийтээрээ автомашингүй өдөр болгон зохион байгуулдаг.
Нийслэл хотод есдүгээр сарын 13-ны Бямба гарагийг сонгож 07:00-18:00 цагийн хооронд автомашингүй өдөр болгохоор шийдвэрлэсэн байгаа. 2007 оноос эхлэн жил бүр уг арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн, иргэд идэвхтэй оролцдог.
2025 оны байдлаар Улаанбаатар хотод 750,000 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 600,000 орчим нь өдөр бүр замын хөдөлгөөнд оролцдог. 1км.кв нутагт дунджаар 1,900 гаруй автомашин ногдож байгаа нь дэлхийн их нягтаршилтай хотуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт юм.
Автомашинаас ялгарч байгаа нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын ислийн нэгдлүүд, нарийн ширхэгтэй тоосонцор, чимээ шуугиан нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иргэд жилд нэг өдөр автомашинаас татгалзах, тээврийн бусад хэрэгслийг сонгож амьдралын өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглах, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх зэргээр нэг өдөр ч болтугай хотын төвдөө орчны бохирдлоос сэргийлсэн ажлыг зохион байгуулдаг. Энэ өдрөөс цааш амьдралын хэв маягаа өөрчлөх, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, тээврийн хэрэгслээс үүдсэн хортой нөлөөллийг бууруулахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой арга хэмжээг дэлхийн нийтээр зохион байгуулдаг.
Автомашингүй өдөр арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээн мэдээллээ.
Есдүгээр сарын 13-нд төв талбай болон авто зам хаасан талбай дээр нийтийг хамарсан спортын тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахаас гадна иргэдэд идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийн зан үйл мэдлэгийг дээшлүүлэх мэдээлэл, зөвлөгөө өгөх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!