Онцгой байдлын алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгосон байна
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгох шийдвэрийг гаргасныг танилцууллаа.
Тодруулбал "Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-д өөрчлөлт оруулж, "30 хувиар" гэснийг "40 хувиар" гэж өөрчилсөн байна.
Тогтоолыг 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөх бөгөөд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах аж.
Сүүлийн жилүүдэд манай улсад тохиолдох гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо, давтамж нэмэгдсэнээр нэг алба хаагчид ногдох ажлын ачаалал эрс өсөж байна
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгааг дээшлүүлэх, албандаа итгэх итгэл, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар тооцож, сар бүр олгохоор тогтоолд тусгажээ.
Улсын хэмжээнд 2020-2025 оны байдлаар нийт 25,095 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, осол тохиолдсоны улмаас 3_422 хүний амь нас эрсдэж, 8.2 сая гаруй толгой мал хорогдон, 12,286 гэр, орон сууц барилга эвдэрч 30.7 сая га талбай түймэрт өртжээ.
Аврах ажиллагаанд нийт 23,2045 хүн 53,092 техниктэйгээр ажиллаж 140 тэрбум төгрөг зарцуулж, гамшиг, ослын улмаас нийт 11 их наяд 271 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сүүлийн таван жилд 33.3 мянга гаруй иргэний амь нас, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын 1.4 их наяд төгрөгийн эд хөрөнгийг гамшиг осол, аюулт үзэгдлээс авран хамгаалсныг Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
