Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр "Төрийн өмчит компаниудыг ашигтай, ашиггүй ажилласан эсэхээр нь ангилна. Хуучных шиг хавтгайрсан байдлаар цалин өгдөг системийг хална" гэдгийг ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэллээ.
Ингэхдээ ашиг орлого олох боломж багатай буюу эрчим хүч, зам засварын компаниудтай адилхан аргачлал барихгүй гэдгийг мөн дурдсан юм.
Энэ талаар ярихдаа "Төрийн өмчит компаниудыг ангилж үзэхэд "Эрдэнэс Тавантолгой", "Эрдэнэт" мэтийн томоохон ААН-үүд ашгийн төлөө ажилладаг. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд ашиг орлого олдог.
Цалингаас гадна сайн ажилласан бол эдгээр компанийн удирдлагуудад улирал бүр урамшуулал өгч, жилийн эцсийн дүнгээр өшөө илүү үнэлж үр дүнгийн урамшуулал олгоё. Ийм байдлаар асуудлыг шийдэх бодолтой явж байгаа.
Нөгөө талдаа ашиг орлого багатай, яах аргагүй төр оролцдог компаниуд ч бий. Тухайлбал эрчим хүчний салбарын компаниуд, нүүрсний уурхай багтана. Үүнд Багануурын уурхай, Шивээ-Овоогийн уурхай орно.
Мөн эрчим хүчний цахилгаан станцуудын үнэ тарифыг өсгөхгүйн тулд төрөөс хатуу бодлогоор үнийг нь барьдаг.
Эрчим хүч, зам засвар арчлалтын компаниуд ашиг орлого олох бололцоо боломж багатай. Зундаа замаа засаж нөхөөсөө хий, өвөлдөө цас мөсөө арилгаж аваар осолгүй зорчих бололцоог бүрдүүлэх шаардлага тавьдаг. Өөрөөр хэлбэл ашиг олох нь гол зорилго биш. Иргэд эрсдэлгүй зорчихыг гол зорилго болгож замынхаа чанар байдлыг сайн хангаж ажилла гэдэг.
Тиймээс ашигтай ажиллах ёстой компаниуд дээр тодорхой үр дүнгийн төлөвлөгөөт зорилтууд тавина. Тавьсан зорилтоо хангаж чадвал нэмэлт урамшуулал, нэмэлт цалин хангалттай байдаг.
Ашигтай ажилласан ч ашиггүй ажилласан ч тогтмол цалин авдаг тогтолцоог л өөрчилье. Үр дүн гаргавал урамшуулал, нэмэлт цалин чинь хангалттай байна. Харин үр ашиггүй алдагдалтай ажиллавал ажлаас нь чөлөөлнө.
Нэг талдаа урамшууллын нөгөө талдаа хариуцлагын тогтолцоог бий болгоно гэсэн үг. Хуучин шиг хавтгайрсан байдлаар цалин өгдөг системийг халах бодлого барьж байгаа" хэмээн хэллээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!