Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Авлигын эсрэг иргэдийн тэмцлийн улмаас Балбын ерөнхий сайд огцорч, парламентын ордон нь шатав

Т.Давааням, ikon.mn
2025 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Хималайн уулсын дунд оршдог Балба улсад сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд үзэгдээгүй том үймээн самуун дэгдээд байна.

Албан тушаалтнуудын авлигыг эсэргүүцсэн жагсагчид Даваа гарагт цагдаагийн хүчтэй мөргөлдсөний улмаас 19 хүнийг амь үрэгдсэн юм.

Үүний дараа тус улсын ерөнхий сайд Шарма Оли албан тушаалаасаа огцорсон ч иргэдийн бухимдлыг намжааж чадсангүй.

Мягмар гарагт нийслэл Катманду хотод жагсагчид парламентын ордныг галдан шатаажээ. Балбын бусад хэсэгт засгийн газрын байрууд, улс төрчдийн орон гэр иргэдийн халдлагад өртсөн талаар мэдээ ирж байна.

Өчигдөр болсон мөргөлдөөний үеэр дахин гурван хүн амиа алджээ.

зураг
 

Эмх замбараагүй байдлын улмаас Балбын баруун бүс нутгийн хоёр шоронгоос 900 орчим хоригдол оргосныг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

Иргэдийн бухимдал тус улсад сошиал медиа хэрэглээг хориглосноос үүдэлтэй.

Эрх баригчид Даваа гарагт хоригоо цуцалсан ч эсэргүүцлийн жагсаал авлигыг эсэргүүцсэн хөдөлгөөн болж өргөжжээ.

Балбын зэвсэгт хүчний командлагч өчигдөр орой хийсэн мэдэгдэлдээ зарим жагсагчид үймээн самууныг ашиглан улсын болон хувийн өмч хөрөнгийг сүйтгэж, дээрэмдэж, галдан шатааж байгааг анхааруулсан юм.

Хэрвээ энэ байдал үргэлжилсээр байвал “Балбын арми болон бусад аюулаас хамгаалах байгууллагууд нөхцөл байдлыг хяналтдаа авах үүрэгтэй” болохыг тэр анхааруулжээ.

Ерөнхий сайд огцорсны дараа түүнийг хэн залгамжлах талаар ямар ч мэдээлэл гараагүй байна.

Зарим улс төрчид, өндөр албан тушаалтнууд зэвсэгт хүчний хамгаалалтад орсон тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Балбын эрх баригчид өнгөрсөн долоо хоногт шаардлагыг нь биелүүлээгүй гадаадын 26 сошиал медиа платформыг хаах шийдвэр гаргасан юм.

Үүнд Балбын зах зээлд олон сая хэрэглэгчтэй Инстаграм, Фэйсбүүк зэрэг платформууд хамрагдсан байна.

Эрх баригчид тэднийг хаасан шийдвэрээ худал хуурмаг мэдээлэл, цахим залилан зэрэг сөрөг үзэгдлүүдийг хязгаарлах зорилготой гэж тайлбарлаж байлаа.

Гэвч залуу үеийнхэн үүнийг үг хэлэх эрх чөлөөг хаан боогдуулсан үйлдэл гэж үзэж байв.

Хэдийгээр эрх баригчид Даваа гарагийн орой уг хоригийг яаран цуцалсан ч иргэдийн тэмцэл зогсоох боломжгүй хэмжээнд хүрсэн байна.

Хориг хэрэгжихээс хэдэн долоо хоногийн өмнө албан тушаалтнуудын хүүхдүүдийн тансаглалыг илчлэх “nepo kid” нэртэй хөдөлгөөн сошиал орчинд өрнөж байжээ.

Энэ нь сошиал платформуудыг хаахад нөлөөлсөн гэж ажиглагчид үзэж байна.

Өчигдөр жагсагчид парламентын ордноос гадна эрх баригч Балбын Конгресс намын төв байр болон тус намын дарга Шер Бахадур Деубагийн гэрийг шатаажээ.

Мөн дөрвөн удаа ерөнхий сайдаар ажиллаж байсан Коммунист намын дарга, 73 настай улс төрч К.П.Олигийн гэрийг галдан шатаасан байна.

 

Эх сурвалж: BBC