Энэ өвөл нийслэлийн хэмжээнд түүхий нүүрсийг бүрэн хориглож, мидлинг, хагас коксон түлш хэрэглэх талаар НЗД-ын орлогч А.Амартүвшин, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар өнөөдөр мэдээлэл өглөө.
Нийслэлийн зүгээс агаарын бохирдлыг бүрэн шийдэхийн тулд нүүрсний хэрэглээг халах зорилт дэвшүүлэн газ, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлэх зэрэг ажлыг эхлүүлээд явж байгаа юм байна.
Тодруулбал байгалийн хий рүү шилжүүлэх ажлын шугам сүлжээний ТЭЗҮ хийгдэж байгаа юм байна. Дараа жилээс дэд бүтцийн ажлуудыг хийж, байгалийн хийг Баянзүрх дүүрэгт холболт хийж эхлэхээр төлөвлөжээ.
Мөн энэ жил Гандан, Телевиз, Баянхошуу орчмын буюу ЧД-ийн 10, 11, 13-р хороо, БГД-ийн 11, 16-р хороодын нийт 5,000 өрхийг шингэрүүлсэн хий рүү шилжүүлж, дулаан алдагдлыг багасгах зорилгоор дулаалгын ажлыг хийж байгаа аж. Ирэх сарын дунд гэхэд газ руу бүрэн шилжүүлж дуусах юм байна.
Дээрх хороодод газ цэнэглэх нийт 24 цэг байрших ба газ руу шилжсэн өрхүүд хуучин баллоноо өгөөд шинэ баллоноо аваад солиод явах аж.
Газ руу шилжиж байгаа айлуудын газын хэрэглээг дэмжих зорилгоор есдүгээр сарын 15-наас тавдугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд 900,000 төгрөгийг газын хэрэглээнд хөнгөлөлт болгон өгөх аж. Ингэснээр яг нүүрс хэрэглэж байгаатай зардал өрхөөс гарна гэв.
Газын хэрэглээг нэвтрүүлснээр Гандан, Телевиз, Баянхошуунаас гарч байгаа агаарын бохирдлыг бүрэн багасгаж чадна гэж тооцоолжээ. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан болон нийслэл хамтран тухайн 5,000 айлд газыг хэрхэн аюулгүй ашиглах талаар сургалт зөвлөгөөг өгч ажиллах юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!