2025 оны эхний найман сарын дүнгээр Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.6 тэрбум ам.доллар байгааг Гаалийн Ерөнхий Газраас мэдээллээ.
Энэ нь өмнөх мөн үеэс 1.5 тэрбум ам.доллар буюу 8.2 хувиар буурсныг илтгэж байна. Экспортын дүн импортынхоос 1.7 тэрбум ам.доллароор давснаар гадаад худалдааны баланс ашигтай гарчээ.
Дээр дурдсан хугацаанд 1.45 сая тонн зэсийн хүдэр, баяжмал экспортолж, 3.44 тэрбум ам.долларын орлого олсноор экспортын дүнгээр чулуун нүүрсийг давлаа. Тодруулбал оны эхний найман сард манай улс 49.4 сая тонн чулуун нүүрс экспортолж, 3.37 тэрбум ам.долларын орлого олжээ.
Зэсийн хүдэр, баяжмалын экспортын өнгөрсөн оны мөн үеэс 40 хувиар нэмэгдсэн бол чулуун нүүрснийх 8 хувиар унаад байна.
Мөн төмрийн хүдрийн экспорт өнгөрсөн оны мөн үеэс 16 хувиар өссөн бол алтных 32.3 хувиар буурав.
Ямааны угаасан ноолуур өнгөрсөн оны мөн үед 4.45 мянган тонныг экспортлоод байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар огт экспортлоогүйг Гаалийн Ерөнхий Газрын мэдээнд дурджээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!