Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Эрдэнэтийн уурхай, Оюут ордыг түшиглэсэн "Зэс хайлуулах үйлдвэр" барих тендерийг ойрын хугацаанд зарлана

Н.Эрхбаяр, iKon.mn
2025 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены Оюут ордын нарийвчилсан судалгааг гурван жилийн хугацаанд амжилттай гүйцэтгэж, өчигдөр сүүлийн өрмөө тавьснаар ашиглахад бэлэн болсноо зарлалаа. 

Оюут ордыг 1986-1990 онд Монгол, Оросын геологичдын хамтарсан баг урьдчилсан хайгуулын ажил явуулж, 41.8 сая тонн хүдрийн нөөцийг 0.25-ын захын агуулгатай хэмээн тооцож байжээ.

Тэгвэл сүүлийн гурван жилийн нарийвчилсан хайгуулын урьдчилсан үр дүнгээр 0.32 хувийн зэсийн агуулгатай 357 сая.тн хүдрийн нөөц тогтоогдоод байна. Мөн тус ордын цэвэр зэсийн нөөц 1.1 сая гаруй тонн гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. 2022-2025 онд тус ордын 49,000 тууш метр өрөмдлөгийн хайгуулын ажилд 20 орчим тэрбум төгрөг зарцуулжээ.
зураг
 

Оюут ордын албан ёсны нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Г.Занданшатар, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын уурхайчид, геологичид оролцлоо. 

Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг ашиглах үүднээс "Зэс хайлуулах үйлдвэр" барихаар ажиллаж буй талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Орчин үеийн технологийн дөрөвдүгээр хувьсгалын эрэн үед зэс бол стратегийн чухал ашигт малтмал, металл болсон. Цахилгаанжилт, цахилгаан машины технологийн шинэчлэлийн үед зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөж байна. Энэ цаг үед Эрдэнэтийн Овоо ордтой дүйцэхүйц шинэ орд газрыг албан ёсоор нээлээ. 

"Зэс хайлуулах үйлдвэр" барьж байгуулахаар тендерийг ойрын хугацаанд зарлах гэж байна. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон төсөл төлөвлөгөөг гурван удаа танилцуулсан. Энэ үйлдвэр манай улсын хөгжлийн тулгуур болох ёстой. 

Зэс хайлуулах үйлдвэр технологийн паркийн зэргэлдээ Оюутын орд олдсон. Тэгэхээр Эрдэнэт уурхай, Оюут ордын дунд зэс хайлуулах үйлдвэр барихаар ажлын даалгавар энэ долоо хоногт Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам дээр хянагдаад дараагийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ.

Эрдэнэт үйлдвэр туранхай үнээ боллоо, хугацаа нь дуусаж байна гэж байсан бол одоо 1.1 сая тонн цэвэр зэсийн нөөц бүхий ордтой боллоо. Зэс хайлуулах үйлдвэр барьснаар дотоодын нийт бүтээгдэхүүн нэмэгдэх боломжтой" гэв.

"Зэсийн металл авалтыг 0.01%-иар нэмэгдүүлснээр, жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдэж байна"

зураг
 

Түүнчлэн Оюут ордыг нээх арга хэмжээний өмнө нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийн өргөтгөлийг хүлээн авсан билээ. 

Энэ талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх "Эрдэнэт үйлдвэр маань 1978 онд 16 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ашиглалтад орж байсан бол өнөөдөр 40 сая тонн болж өслөө. Тухайн үед хүдэр дэх металлын агуулга 0.86 хувь байсан бол өнөөдөр 0.34 хувь болтлоо буурсан. Үүнийг нэмэгдүүлж 40 саяд хүргэсэн нь түүхэн дээд амжилт юм. 

Зэс баяжуулах үйлдвэрийн хувьд хүдэр бэлтгэх хоёр шугам бий. Хүдэр баяжуулахад цахилгааны зардал ихээхэн гардаг. Иймд уул уурхайн үйлдвэрийн өртөг зардлыг бууруулахын тулд шинэ техник, технологийг нэвтрүүлэх, гарцаа нэмэгдүүлэх судалгааны ажлыг хийж байгаа.

Хүдрийг баяжуулалтад бэлтгэх шугам буюу өөрөө нунтаглах хэсгийг 20 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар өргөтгөсөн. Яг одоо 1978 оноос хойш ашиглаж байгаа анхны хүдэр бэлтгэх шугамыг шинэчлэх ажил ид явагдаж байгаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн Хам баяжуулалтын 2 ба 3 дугаар секцийг бүрэн шинэчилж өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Шинэчлэгдсэн 2 болон 3 дугаар секцээр жилд 12 сая тонн хүдэр баяжуулна.

Баяжуулалтын секцүүдийг шинэчилснээр хүдэр баяжуулах зардлыг 10 хувиар бууруулж байна. Төслийн үр дүнд туршилтын хугацаанд зөвхөн эрчим хүчний зардлаас 900 орчим сая төгрөг хэмнэсэн. Төслийн зураг төслийг боловсруулах, барилга угсралт, ашиглалтад оруулах хүртэлх бүх ажлыг Эрдэнэт үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд, уурхайчид гүйцэтгэсэн.

Мөн ОХУ-ын РИВС фирмийн 96 ширхэг хөвүүлэн баяжуулах машиныг шинэчлэл хийснээр АНУ-ын FLSmidth компанийн WEMCO брэндийн 22 ширхэг өндөр хүчин чадалтай флотомашинаар шинэчилж, цахилгаан эрчим хүчний зардлыг 15-20%-иар бууруулж, жилд 2 тэрбум төгрөг хэмнэнэ. Зэсийн металл авалтыг 0.01%-иар нэмэгдүүлснээр, жилд 1.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдэж байна" гэв.

зураг