Есдүгээр сарын гурванд Владивосток хотод эхэлсэн Дорнын Эдийн Засгийн Чуулганыг “эрх мэдэлтнүүдийн ажил хэргийн талбар” гэж Оросын эрх баригчид тодорхойлдог.
Зохион байгуулагчид нь жил тутмын энэ арга хэмжээнд дэлхийн 70 орны төлөөлөгчид оролцож байгааг мэдээлсэн юм.
Гэвч зочдын чансаа өмнөх жилүүдийнхээс муудсаныг эх сурвалжууд мэдээлж байна.
Тухайлбал Оросын хамгийн том худалдааны түнш болоод буй Хятад улс энэ удаа худалдааны яам, сангийн яам зэрэг эдийн засгийн гол шийдвэр гаргах байгууллагуудаасаа нэг ч хүн оролцуулаагүй юм. Хятадын гадаад хэргийн яам, төв банк бас албан тушаалтнуудаасаа илгээгээгүй байна.
БНХАУ-аас ирсэн хамгийн өндөр албан тушаалтан нь Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дэд дарга Ли Хунжун байжээ.
Түүнийг дагалдаж ирсэн төлөөлөгчдийн дотор орлогчоос дээш албан тушаалтай нэг ч хүн байгаагүй юм.
2015 оноос хойш зохион байгуулагдаж буй Владивостокын эдийн засгийн чуулганд өмнө нь Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин, Японы ерөнхий сайд Абэ Шинзо, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч, Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди зэрэг удирдагчид оролцож байсан түүхтэй.
Гэтэл энэ удаа Энэтхэг улсаас ямар ч албан тушаалтан ирээгүй, Москвад суугаа элчин сайдын орлогч Никхилеш Гири зөвхөн оролцжээ.
Энэ жилийн чуулганд ерөнхий сайдаа илгээсэн хоёрхон улс нь Монгол, Лаос болсон байна.
Чуулганы зочдын дунд Хятадын томоохон компаниудын захирлууд байгаагүй бол 122 мянган оршин суугчтай Фуюань хотын дарга Жэн Шуй, зүүн хойд Хэйлунжянь мужийн орлогч дарга Ван Лан нар хоёр улсын ирээдүйн хамтын ажиллагааны талаар ярилцахаар иржээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!