Монголбанкнаас өнөөдөр Монгол Улсын мөнгөний бодлого, макро эдийн засгийн орчин, эдийн засагт тулгамдаж буй асуудлыг танилцуулав.
Төв банкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа макро эдийн засагт тулгамдаж буй асуудлууд, түүнийг хэрхэн шийдэж болох талаар илтгэл тавилаа.
Тэрбээр "Макро орчинд дараах асуудлууд тулгамдаж байна.
1. Төсвийн зардал тогтмол өсөж байна. Зарим тохиолдолд 30-50 хувиар өсдөг. Төсвийн зардлын өсөлт нь гадаад эдийн засгийн шоктой давхацсанаар дотоод эдийн засгийг ихээр савлуулж байна.
2. Экспортын орлогыг дотооддоо валютын нөөц болгон хуримтлуулах эсвэл улсын сектор дээр "буффер" үүсгэх ёстой байтал тэгж чадахааргүй савлаж байна. Экспорт хангалттай өсөж байхад гадаад валютын нөөц 5 тэрбумаас дээш гарахгүй байгаа шалтгаан нь эдийн засгийн томоохон хэрэглээ, савлагаа, төсвийн зардлын мөчлөгтэй холбоотой.
3. Хадгаламж, хөрөнгө оруулалтын зөрүү, урсгал тэнцлийн алдагдал.
Хөгжлийн бодлогоо төлөвлөхдөө төлбөрийн тэнцэл дээр байгаа үйлчилгээний дансандаа анхаарах ёстой. 2024 оныг авч үзвэл барааны тэнцэл дээр 3 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Гэтэл үйлчилгээний дансан дээр 3.3 тэрбум ам.долларын алдагдалтай. Монгол Улсын бараа, үйлчилгээний тэнцэл 300 сая ам.долларын алдагдалтай байна гэсэн үг.
Үйлчилгээний алдагдлыг тодруулбал
Аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэндийн салбарыг дотооддоо хөгжүүлэх шаардлагатайг төлбөрийн тэнцлийн үзүүлэлтүүд харуулж байна. Мөн мэргэжлийн зөвлөх үйлчилгээнд ихээхэн төлбөр төлдөг. Жишээлбэл томоохон барилгын төсөл хэрэгжүүлэхдээ гаднын компаниар зураг төслөө хийлгэдэг, нарийн мэргэжлийн хүмүүсийг урьж ажиллуулдаг. Ингэснээр цэвэр дүнгээрээ 1.5 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг.
4. Зээлжих зэрэглэл. Монгол Улсын гадаад нэр хүнд маш чухал. Зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж, муутгаж болзошгүй хүчин зүйлүүдээр гадаад валютын нөөцийн хүрэлцээтэй байдлыг анхаарах, эдийн засгийн өсөлтөө тогтвортой хадгалах, гадаад өрийн дарамтыг нэмэгдүүлэхгүй байх, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн савлагаа дотоод эдийн засагт сөргөөр нөлөөлөх эрсдэл бий эсэхийг бодолцох гэж байгаа.
Зээлжих зэрэглэл одоогоор сөргөөр нөлөөлж байгаа хоёр үндсэн асуудал бий. Нэгдүгээрт уул уурхай нэг зах зээлээс хүчтэй хамааралтай байгаа. Хоёрдугаарт дотооддоо засаглалаа шийдэж чадахгүй байгаа. Үүн дээр нэмээд экспортын орлого өндөр байхад хуримтлуулахгүй хэрэглээд дундруулж байгаа нь уул уурхайн орлогын менежмент муу гэж дүгнэгддэг.
5. Мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжгүй байгаа ганц хүчин зүйл нь инфляц.
6. Зээлийн хүү. Улс орнуудын 2014-2023 оны датанд шинжилгээ хийж үзэхэд хүүнд инфляц, ханшийн хэлбэлзэл хамгийн их нөлөөлж байна. Зээлийн хүү нь 10-аас дээш улсуудын хувьд дундаж инфляц нь 7.9 хувь, ханшийн хэлбэлзэл жилд дунджаар 7.3 хувь. Харин зээлийн хүү нь 10-аас бага улсуудын дундаж инфляц 2.8 хувь, ханш нь жилд 2.3 хувь хэлбэлзэж байна.
Ханш, инфляц нь тухайн улсын дотоод валют болон гаднаас орж ирж байгаа валютын суурь өртгийг тодорхойлж байгаа. Тэр суурь өртөг нь санхүүгийн зах зээл дээрх эх үүсвэрийн суурь өртөг болдог учраас зээлийн хүүндээ шингэдэг. Иймд инфляцыг бууруулахгүй бол зээлийн хүү буурахад төвөгтэй" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!