Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар 2025 оны 09 дүгээр сарын 03-06-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болж буй Дорнын эдийн засгийн X чуулга уулзалтад оролцож байна.
Чуулга уулзалтын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Ерөнхий сайд Г.Занданшатарын урилгыг хүлээн авч, Дорнын эдийн засгийн тэмдэглэлт 10 дугаар чуулга уулзалтад хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлээд, хоёр талын харилцаа нь өнө эртний түүхтэйгээс гадна ОХУ-ын хувьд Монгол Улс нь Ази Номхон далайн бүс нутаг дахь стратегийн чухал түнш болохыг онцлов.
Ерөнхийлөгч В.В.Путин есдүгээр сарын 2-ны өдөр Бээжин хотноо Орос, Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалт амжилттай болж, ОХУ-аас Монгол Улсын газар нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийг хэрэгжүүлэх тохиролцоонд хүрсэн болохыг тэмдэглэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэх, улс төрийн харилцан итгэлцсэн харилцааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв. Түүнчлэн өнгөрсөн зургаадугаар сард Минск хотноо гарын үсэг зурсан Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээр нь талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлэхээс гадна хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!