Нийтийн өргөдөл гомдлын систем D-Petition-д Үл Хөдлөх Хөрөнгө (ҮХХ) борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох тухай цахим өргөдлийг наймдугаар сарын 15-нд үүсгэн иргэдийн санал авч эхэлсэн.
Тэгвэл өнөөдөр буюу есдүгээр сарын 5-ны байдлаар тус өргөдлийг 100,091 хүн дэмжиж гарын үсэг зураад байна. Ингэснээр Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39.4.1-д заасны дагуу "хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол Улсын Их Хурал авч хэлэлцэнэ" гэсэн болзлыг хангаж байна.
УИХ-ын гишүүд тус цахим өргөдөлтэй холбогдуулан холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барих боломжтой.
Түүнчлэн тус өргөдлийг санаачилсан иргэн О.Батхүү "Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох шаардлагатай байна. Хүмүүс байр орон сууц авахдаа зээлээр авдаг. Зээлийн хүү төлбөр төлөхдөө өөрийн цалин орлого буюу татвар төлсөн мөнгөөрөө төлдөг. Мөн байр орон сууц бол хүний анхдагч хэрэгцээ.
Дэлхийн бусад улсад амьдран суугаа байшин, байр орон сууцаа зарахад татвар төлдөггүй. Учир нь энэ бол ашиг орлого олох бизнес биш. Иймд энэхүү 2 хувийн татварыг цуцлах шаардлагатай" хэмээн тайлбарлажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!