Монгол улсын банкны эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн төлөвийг Банк санхүүгийн академийн Ахлах эдийн засагч Ч.Сосорбарам танилцууллаа.
Эхний хагас жилд дотоодын нийт бүтээгдэхүүн 5.6 хувиар өссөн ба энэ өсөлтийн дийлэнх хувийг хөдөө аж ахуйн салбарын сэргэлт эзэлж байгаа аж.
Уул уурхайн салбар хүлээлтээс доогуур байсан мөн худалдаа үйлчилгээ болон тээвэр ложистикийн салбар уналттай байсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлсөн байна. Харин барилга, үйлчилгээ, боловсролын салбар аажмаар сэргэж байгаа нь эдийн засгийн өсөлтийг дэмжжээ.
Гадаад худалдааны ашиг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 58 хувиар буурсан байна. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнэ буурсан нь экспортын өсөлтөд сөргөөр нөлөөлжээ. Импорт 3 хувиар өссөн ба үүнд хөрөнгө оруулалтын зорилгоор оруулж ирж байгаа импортын бараа бүтээгдэхүүн болон монголчуудын автомашины хэрэглээ буурахгүй байгаа зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ.
Төлбөрийн тэнцэл 458 сая ам.долларын алдагдалтай гарсан ба үүнд гадаад бараа үйлчилгээний болон аялал жуулчлалын үнэ өссөн нь урсгал дансыг алдагдалтай гарахад нөлөөлжээ.
Түүнчлэн Монгол руу орж ирж байгаа гаднын хөрөнгө оруулалт аажмаар сэргэж эхэлж байгаа нь санхүүгийн дансыг ашигтай гаргаж улмаар урсгал дансны алдагдлыг хэт их байхаас хамгаалж байгаа юм байна.
Төгрөгийн бодит ханш суларсан нь монгол улсын бараа бүтээгдэхүүн бусад улсынхтай харьцуулахад харьцангуй хямдарч байгаа дүр зураг ажиглагджээ.
Төсвийн тэнцэл 758 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн орлого өмнөх оны мөн үеэс 6 орчим хувиар буурсан. Үүнд экспортын бараа бүтээгдэхүүний бууралт, уул уурхайн компаниудаас авч буй татвар, компаниудын үйл ажиллагааны орлогоос авч буй татвар буурсан нь нөлөөлжээ. Төсвийн тогтмол зарцуулагдаж буй урсгал зардлууд буурахгүй байгаа нь төсвийн зардлыг өсөхөд чухал нөлөө үзүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!