Буянт-Ухаа спорт цогцолборт есдүгээр сарын 6, 7-нд буюу энэ долоо хоногийн Бямба, Ням гарагт "Amazing Zoo Park" арга хэмжээ болох гэж байна.
Тус арга хэмжээг зорьсноор ховор содон амьтдыг ойроос харах, хамтдаа зургаа авхуулах, 10:00-20:00 цагт тасралтгүй үргэлжлэх хөтөлбөрүүдийг үзэж сонирхох, тоглоомын талбайд тоглох зэрэг олон боломжийг бүрдүүлснээ зохион байгуулагчид нь хэллээ.
Түүнчлэн арслангийн бяцхан гүегийг албан ёсны зөвшөөрлийн дагуу Монгол Улсад нутагшуулахаар тээвэрлэн авчирч байгаа аж. Бяцхан гүег "Amazing Zoo Park"-ийн онцгой зочин байх юм.
"Diamond circus"-ыг үүсгэн байгуулагч, циркийн жүжигчин Н.Дашдэндэв "Монголын анхны дотор заалны амьтны хүрээлэнг албан ёсоор нээх гэж байна. Үүгээр Монголд болон дэлхийд ховордсон амьтдыг танилцуулах юм. Есдүгээр сарын 6, 7-нд болох энэхүү арга хэмжээгээр бид гэр бүлээрээ хамтдаа цагийг өнгөрөөхийг уриалж байгаа бөгөөд амьтдыг хамгийн ойроос харах, хүрч үзэх боломжийг олгоно.
Давхардсан тоогоор 300-400 төрлийн амьтдыг цуглуулсан. Танин мэдэхүйн ертөнцийн хамгийн том хаалгыг хамтдаа нээж байгаадаа баяртай байна" гэлээ.
"Амазон" амьтны дэлгүүрийн үүсгэн байгуулагч М.Өлзийтөмөр "Уламжлалт амьтны хүрээлэн бол хүнийг хол зайнаас тор эсвэл шилний цаанаас харуулдаг. Харин дотор заалны амьтны хүрээлэнд төрөх мэдрэмж нь тэс өөр. Амьтдыг ойроос харахын зэрэгцээ зарим амьтныг хооллож, хүрч үзэх, хамт зураг авхуулах боломжийг бүрдүүлснээр илүү гүн мэдрэмж төрүүлдэг. Манай арга хэмжээ бүх насны хүмүүст нээлттэй бөгөөд мартагдашгүй дурсамжийг бүтээх болно" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!