Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

Тэ Кёнжин: Эхний ээлжид Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хөшигийн хөндийд 31.5 мянган га талбайд 150 мянган хүний суурьшилтай Хүннү хотыг байгуулж буй. Тус дагуул хотыг хөгжүүлэх төслийн төлөвлөгөө боловсруулах болон зөвлөх үйлчилгээг БНСУ-ын Хан-А хотын судалгааны хүрээлэн үзүүлэхээр болжээ.

Энэ тухай өнөөдөр болсон зөвлөлдөх уулзалтын үеэр Хан-А хотын судалгааны хүрээлэнгийн захирал Тэ Кёнжин “Хүннү хот болон Хархорум хотыг хөгжүүлэх төслийн хүрээнд төлөвлөгөө боловсруулах болон зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Шинэ хотуудыг байгуулах ажил Монгол Улсын ирээдүйд маш чухал ач холбогдолтой. Үүнд оролцож байгаадаа баяртай байна. Мөн өөрсдийн хуримтлуулсан мэдлэг туршлагаа хуваалцахдаа таатай байна.

Хотын төвлөрөл олон асуудлыг дагуулж байдаг. Үүнийг шийдвэрлэх нь нэн тэргүүний ажил юм.

Улаанбаатар хотод тулгамдаад буй жижиг нутаг дэвсгэрт олон хүн суурьшихад гарч байгаа асуудал Солонгос улсад ч бас тохиолдож байлаа. Үүнийг хэрхэн шийдэж ирсэн бэ гэдгээ энд танилцууллаа.

Эхний ээлжид тохиромжтой газрыг сонгоод тархаан байршуулах буюу төвлөрлийг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Дараа нь тэдгээр бүс нутгуудыг холбосон дэд бүтцийг барьж байгуулах ёстой. Өөрийн гэсэн онцлог бүхий суурьшлын бүсийг бий болгоно гэдэг нь тэнд хүнд хэрэгтэй бүхий л зүйл байх хэрэгтэй гэсэн үг. Түүнчлэн эдгээр бүсүүд өөр өөрийн гэсэн онцлогтой хөгжих хэрэгтэй” гэв. 

Хүннү хот байгуулагдсанаар 80,000 ажлын байр бий болж, Засгийн газар, яам агентлагуудын цогцолбор, эдийн засгийн чөлөөт бүс, их, дээд сургууль, оюутны хотхон, тээвэр ложистикийн нэгдсэн төвийг байгуулах аж.