ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Барилгын дулаалга, эрчим хүчний хэмнэлтийн Европын сайн туршлагаас...

ikon.mn
2025 оны 9 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Европын Холбооны СВИЧ-Эшиа хөтөлбөрийн санхүүжилттэй “Дулаан Шийдэл II” төсөл болон Францын Хөгжлийн Агентлаг (AFD)-ийн санхүүжилттэй ФРЭШ төсөл нь амины орон сууцыг дулаалах замаар эрчим хүчний хэмнэлтийг сайжруулж цаашлаад агаарын бохирдлыг бууруулах зорилготой Монгол Улсад хэрэгжиж байна.

2025 оны 6 сарын 21–29 өдрүүдэд Жэрэс Олон Улсын ТББ-аас Франц, Бельги улсууд руу туршлага судлах бизнес аяллыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Монголын бодлого боловсруулагчид, санхүүгийн байгууллагууд болон барилгын салбарын холбогдох төлөөллүүд оролцож эрчим хүчний хэмнэлттэй орон сууц, тэдгээрийн санхүүжилтийн тогтолцооны талаар Европын сайн туршлагаас суралцлаа. Түүнчлэн Монгол Улсын тулгамдсан асуудлууд, ялангуяа гэр хорооллын асуудлыг шийдвэрлэх талаар үнэтэй ойлголтуудыг авч, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр хамтран ажиллах шинэ боломжуудын талаар туршлага судаллаа.

зураг
 
зураг
 

🏠 Франц, Бельги Улсуудын туршлагаас:

Аяллын хөтөлбөр Парис хотод эхэлж, эрчим хүчний хэмнэлттэй, хямд өртөгтэй орон сууц, төрийн дэмжлэг зохион байгуулалт, хүртээмжтэй хот төлөвлөлтийн туршлагаас суралцав. Харин Брюссель хотод Европын санхүүжүүлэгч болон холбогдох байгууллагуудад зочилж санхүүжилтийн боломж, механизм, нийтийн орон сууцны бодлого зохицуулалт тэдгээрийн шинэчлэл засварлалтын талаарх мэдээлэл авч жишиг төсөл бодит үйл ажиллагаатай танилцлаа.

📌 Экосистемийн хандлага

Европын туршлагаас харахад орон сууцны үндэсний агентлагууд эрчим хүчний хэмнэлт, дулаалга засвар шинэчлэлийн гол үүргийг гүйцэтгэдэг бөгөөд нэгдсэн бүтэц зохион байгуулалт, хууль эрх зүйн  орчин чухал болохыг харууллаа.

  • ANAH (Францын Үндэсний Орон сууцны агентлаг): Бага болон дундаж орлоготой айл өрхүүд, орон сууц өмчлөгчдийн холбоодод чиглэсэн дулаалга, засвар шинэчлэлийн санхүүгийн татаасыг удирддаг үндэсний агентлаг юм. Тухайлбал  2024 оны төсөв нь 3.7 тэрбум евро байсан нь энэ чиглэлийн төрийн дэмжлэгийн цар хүрээг илтгэж байна.
  • SOLIHA: Францын ашгийн бус хамгийн том орон сууцны сүлжээ бөгөөд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмзэг бүлгийн айл өрхөд эрчим хүчний хэмнэлт, сэргээн засварлалтын (техникийн, санхүүгийн, зөвлөх) чиглэлээр иж бүрэн тусламж, дэмжлэг үзүүлдэг байгууллага юм.
  • Agence Parisienne du Climat (Парисын Уур Амьсгалын Агентлаг): “Нэг Цонхны Үйлчилгээ” -ээр техникийн, санхүүгийн зөвлөгөө мэдээлэл, засварын ажлын  дараах хяналт зэрэг үйлчилгээг санал болгодог. CoachCopro.com цахим платформоор дамжуулан байшингийн засвар, дулаалгын ажлуудын түүх, холбогдох ажлыг гүйцэтгэсэн компаниуд, санхүүгийн тооцоо зэрэг нэгдсэн цогц мэдээллээр хангадаг.
  • Бельгийн SLRB (Брюссель Хотын Орон сууцны компани) болон Comensia нь нийтийн орон сууцыг урт хугацааны төлөвлөлт, санхүүжилтийн оновчтой зохион байгуулалт хийснээр хэрхэн сэргээн засварлаж, тухайн барилгын онцлог соёлын өвийг хадгалангаа эрчим хүчний хэмнэлтийн стандартад нийцүүлж буй бодит төсөл, туршлагаа хуваалцсан.
зураг
 

📌 Хүртээмжтэй санхүүжилт ба тэнцвэртэй урамшуулал

Мэргэжилтнүүд тогтвортой урт хугацааны эрчим хүчний хэмнэлтийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оновчтой санхүүжилтийн механизм болон урамшууллын тэнцвэртэй тогтолцоонд тулгуурлах ёстойг онцоллоо.

  • Хүртээмжтэй санхүүжилтийн механизм: Бага, дунд орлоготой айл өрхөд хувийн сууцаа дулаалах, засварлах санхүүжилтэд хамрагдах боломжийг бий болгох.
  • Тэнцвэртэй урамшуулал: Төрөөс үзүүлж буй санхүүгийн дэмжлэг, татаасыг барилгын компани, эрчим хүчний үйлчилгээ үзүүлэгч зэрэг нийлүүлэгч тал болон эрэлт тал болох айл өрхүүдэд чиглэсэн тэнцвэртэй дэмжлэг үзүүлэх.

Франц дахь эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Energiesprong-ийн туршлагаас харахад ажиллах хүч, цаг хугацаа хэмнэсэн шинэлэг шийдлүүдийг ашиглахыг санал болгож байлаа. Тухайлбал урьдчилан үйлдвэрлэсэн дулаалгатай ханын материал, нарны эрчим хүчний хавтантай дээвэр болон засварын ажлын гүйцэтгэлийн баталгааг ашигласнаар “тэг эрчим хүчний хэрэглээтэй” орон сууцыг бий болгох боломжтой. Эхний хөрөнгө оруулалт өндөр боловч цар хүрээ, стандартчиллаар дамжуулан урт хугацаанд өртгийг бууруулах боломжтойг дурдлаа.

Европын зөвлөх компани Climact-ын үзэж байгаагаар зөвхөн төрийн татаас хангалтгүй бөгөөд инновац шингээсэн шийдэл, ур чадвартай ажиллах хүч, олон нийтийн зан төлөвийн өөрчлөлт зэрэг нь эрчим хүчний хэмнэлтийг өргөн хүрээнд бий болгоход чухал нөлөөтэйг онцоллоо.

зураг
 

📌 Европоос Монголд: Санхүүжилт татах боломж

Аяллын үеэр Монголын төлөөлөгчид гэр хорооллын эрчим хүчний үр ашиггүй амины орон сууц, хотуудын өвлийн агаарын бохирдол, өрхүүдийн санхүүгийн хүндрэл зэрэг тулгамдсан асуудлыг холбогдох байгууллагуудад танилцуулсан ба Европын Хөрөнгө оруулалтын банк (ЕХОБ), Европын Холбоо (DG INTPA, SWITCH-Asia), Францын Хөгжлийн Агентлаг (AFD) зэрэг байгууллагуудтай хийсэн уулзалтын үеэр хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар санал солилцлоо.

Мөн Европын Холбооноос цаашид Монгол Улсад орон сууцны дулаалга, эрчим хүчний хэмнэлтийг дэмжих, тогтвортой хот төлөвлөлтийг өргөжүүлэх санхүүжилтийн боломжуудыг танилцууллаа.

зураг
 

🏠 Дүгнэлт

Европын улсуудын жишээнээс харахад эрчим хүчний хэмнэлтийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд зөвхөн татаас бус, нэгдсэн бодлого, санхүүжилтийн хэрэгсэл, ур чадвартай ажиллах хүч, инновац зэрэг хүчирхэг экосистемд тулгуурлах нь үр дүнтэйг харуулж байна.

  • Францын ANAH, SOLIHA, APC, AFD нь төрийн бодлого, орон нутгийн байгууллага, иргэний нийгмийн хамтын ажиллагаагаар дамжуулан эрчим хүчний хэмнэлттэй шийдлийг хүртээмжтэй, хямд өртөгтэй айл өрхүүдэд хүргэж болдог бодит жишээг харууллаа.
  • Бельгийн SLRB, Comensia нь нийтийн орон сууцыг хүртээмжтэй, тогтвортой хотын хөгжлийн гол түлхүүр болгож буйг бодитоор харуулсан.

Монгол Улсад эдгээр туршлагыг нутагшуулах замаар:

  • Гэр хорооллын амины орон сууц, гэрийг дулаалах эрчим хүчний хэмнэлтийн төсөл, санаачилгыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх  
  • Санхүүжилттэй холбоотой хүндрэл, асуудлыг олон нийтэд хүртээмжтэй санхүүгийн хэрэгсэл, механизмаар шийдвэрлэх
  • Европын болон олон улсын байгууллагуудтай хүчирхэг түншлэл бий болгон  хамтран ажиллах

Ингэснээр Монгол Улс эрчим хүчний шилжилтээ хурдасгаж, агаарын бохирдлыг бууруулан, илүү сайн дулаалгатай, эрчим хүчний хэмнэлттэй орон сууцаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх бүрэн боломжтой.

зураг
 
зураг
 

💡 Европоос суралцсан гол сургамжууд

  • Эко систем бий болгох: Урт хугацааны тогтвортой амины орон сууц, барилгын салбарын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бий болгох, хэрэгжүүлэх.
  • Хүртээмжтэй санхүүжилтийн механизм: Бага болон дунд орлоготой айл өрхүүдэд тохирсон санхүүгийн хэрэгсэл, механизм боловсруулах.
  • Тэнцвэртэй урамшууллын тогтолцоо: Зах зээлийг тогтвортой ажиллуулахын тулд барилгын салбарын аж ахуйн нэгж, бригад болон айл өрхүүдийг хоёуланг нь дэмжих.

“Дулаан Шийдэл” төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 

📞 + 976 75052000

 “ДУЛААН ШИЙДЭЛ ТӨСӨЛ”

📧 dulaanshiideltusul@gmail.com 

🌐 https://dulaalga.mn/

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.