Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

О.Саранчулуун: Сургууль, анги танхимд дээрэлхэлт байгаа бол тэнд нууц тамхидалт байх өндөр магадлалтай

П.Сайнжаргал, IKON.MN
2025 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн болон тамхины хүний эрүүл мэндэд үзүүлэх хор хөнөөл зэрэг асуудлаар сэтгэл зүйчид болон УИХ-ын зарим гишүүн хэлэлцэж, мэдээлэл хүргэлээ. 

Энэ үеэр сургуулийн орчны дээрэлхэлт болон тамхидалт хоорондоо статистик хамааралтай тухай УИХ-ын гишүүн О.Саранчулуун хэлсэн юм. 

Дээрх хамаарлын талаарх түүний танилцуулсан мэдээллийг хүргэе. 



Тэрбээр хэлэхдээ "Тамхидалттай холбоотой олон улсын маш олон судалгаа бий. 

Тамхидалт, дээрэлхэлт хоёр бие биетэйгээ статистик хамаарал бүхий холбоотой байгааг хүртэл судалсан байдаг. 

Сүүлийн үед манай улсад хийгдсэн өсвөр насны хүүхдүүдийн эрүүл мэндийн судалгаанд дурдсанаар "Хэрвээ тухайн сургуульд, анги танхимд дээрэлхэлтийн асуудал байгаа бол тэнд нууц тамхидалт байх магадлал хоёр дахин өндөр" гэжээ. 

Хүүхдүүдэд “тамхи битгий тат”, “үнийг нь нэмье” гээд байгаа асуудал биш. Хуулийн шинэчлэлээр дамжуулан сургууль дээрх дээрэлхэлтийн эсрэг бодлогыг ярих цаг болсон.

Манай улс хүүхэд хамгааллын бодлоготой. Энэ чиглэлд дээрэлхэлтийн асуудлаас урьдчилан сэргийлэх бодлого байх хэрэгтэй" гэв. 

Үргэлжлүүлэн хүүхэд багачуудыг тамхи татахад хүргэдэг хэд хэдэн хүчин зүйл байгааг тэрбээр дараах байдлаар дурдав. 

  • Эцэг, эхийн хараа хяналт сул, хайхрамжгүй байдлаас үүдэлтэй.
  • Сургуулийн харилцаа холбоо буюу анги танхим, найз нөхдийн харилцаа холбоо сул сургуулиудад тамхидалт бас нөлөөтэй.
  • Үе тэнгийнхний янз бүрийн дарамт нь хүүхдийг тамхи татахад хүргэдэг.
  • Бусдыг дээрэлхдэг хүүхдүүд өөрсдөө тамхи татах магадлалтайг хэллээ. 

Мөн "Манай улс тамхины эсрэг хууль, журамтай.

Тэрхүү хуульд "зар сурталчилгаа, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дээр тамхи, архийг сурталчлахгүй байх" гэсэн заалт бий. Тэгсэн мөртлөө өнөөдөр хүмүүсийн үздэг энтертайнмент контент, урлаг соёлынхны гоёл, хайр сэтгэлтэй холбоотой киноны ихэнх үзэгдэл нь тамхины утаан дунд өрнөж байна.

Бидэнд өнөөдөр соёл урлагаар дамжуулан гэгээрүүлэх дархлаа дутагдаж байна" гэдгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ярилаа.