Олон жилийн турш яригдаж буй ОХУ-аас Хятадын зах зээлд байгалийн хий дамжуулах “Сибирийн Хүч 2” хоолойн бүтээн байгуулалтыг урагшлуулах санамж бичигт хоёр улсын ерөнхийлөгч гарын үсэг зурсан тухай мэдээ өчигдөр Бээжингээс ирсэн билээ.
Уг хоолой нь Монгол улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх юм.
Гэвч санамж бичигт гарын үсэг зурсан тухай мэдээ өчигдөр Москвагийн хөрөнгийн бирж дээр Оросын төрийн өмчит Газпром компанийн хувьцааны ханшийг огцом унагасан байна.
Мягмар гарагийн арилжааны үеэр тус компанийн хувьцааны ханш 3.1 хувиар унаж, зах зээлийн үнэлгээнээс нь 100 гаруй тэрбум рубль ($1.2 тэрбум) хасагджээ.
Энэ нь Москвагийн биржийн жишиг индекст бүртгэлтэй компаниудын дотор хамгийн том уналт болж, индексийн өөрийнх нь 1.4 хувийн уналтаас хоёр дахин давсан юм.
Жилд 50 тэрбум шоо метр хий дамжуулах хүчин чадалтай “Сибирийн Хүч 2” хоолойн төсөл нь бараг 20 жилийн турш яригдаж байгаа ч хэрэгжиж чадахгүй байгаа.
Уг төсөл нь Газпромын алдсан Европын зах зээлийн орлогыг нөхөх ёстой тул Кремлийн хувьд амин чухал юм.
Гэвч өчигдөр Бээжинд зурагдсан санамж бичиг нь шууд хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн гэрээ биш, ээлжит нэг хоосон амлалт гэдгийг хөрөнгө оруулагчид ойлгосон нь Газпромын хувьцааны ханшийг унахад хүргэжээ.
“Финам” хөрөнгө оруулалтын компанийн шинжээч Сергей Кауфман хэрвээ энэ төсөл урагшлах юм бол нөхцөл байдал нь хэдийнээ хүндэрсэн Газпромын санхүүд улам сөргөөр нөлөөлөхийг анхааруулсан байна.
2,600 км урт “Сибирийн Хүч 2” дамжуулах хоолойн төсөл Газпромд ойролцоогоор хоёр их наяд рублийн ($25 тэрбум) зардал үүсгэх бөгөөд Хятадын тал үүнийг санхүүжүүлэх үүрэг хүлээгээгүй байгаа.
Газпромын ерөнхийлөгч Алексей Миллер өчигдөр Бээжинд сэтгүүлчидтэй уулзахдаа нийлүүлэх хийн үнэ ханшийг дараа тохиролцох талаар мэдээлжээ.
Эрчим хүчний шинжээч Алексей Громовын мэдээлснээр Хятадын тал уг хоолойгоор нийлүүлэх хийг бүтнээр нь биш, зөвхөн нэг хэсгийг нь Оросын дотоодын үнэ ханшаар буюу мянган шоо метр тутмыг $120-$130 орчмоор авах хүсэлтэй байгаа гэнэ.
Харин Москвагийн хувьд одоо “Сибирийн Хүч 1” хоолойгоор нийлүүлж буй хийн үнэ ханштай ижил буюу мянган шоо метр тутмыг $265-$285 орчмоор худалдах сонирхолтой байгаа юм байна.
Энэ нь ч бас Европын зах зээлд нийлүүлж байсан ханшаас 30 орчим хувиар хямд үнэ юм.
Ийм хямдралтай үнэ ханшаар хий нийлүүлбэл бүтээн байгуулалтын зардлаа нөхөхөд тун хүнд болно гэж шинжээчид үзэж байна.
Хэдийгээр Газпром өнгөрсөн онд 1.2 их наяд рублийн ($14.8 тэрбум), 2025 оны эхний хагаст бараг нэг их наяд рублийн ($12.4 тэрбум) цэвэр ашигтай ажилласан ч байгалийн хийн үндсэн бизнес нь алдагдалтай хэвээр байгаа.
Тус компанийн бэлэн мөнгөний нөөц 2022 оны эхэнд хоёр их наяд рубль байсан бол 2025 оны дундуур 537 тэрбум рубль ($6.6 тэрбум) болж буурсан байна.
Хэрвээ Газпром одоо ашиглаж байгаа хоолой дээрээ нэмээд шинэ дамжуулах хоолой ашиглалтад оруулбал Хятадын зах зээлд жил бүр 100 гаруй тэрбум шоо метр хий нийлүүлж, $20 тэрбумын орлого олдог болох тооцоо бий.
Гэхдээ энэ өөдрөг хувилбар хэрэгжихэд олон жилийн хугацаа шаардлагатай юм.
“Одоогоор энэ бол зүгээр л санамж бичиг. Хэрвээ санамж бичиг гэдэг үг гэрээ болж солигдсон бол Газпромын хувьцааны ханш 20 хувиар өсөх байлаа” гэж Алор Брокер компанийн шинжээч Игорь Соколов хэлжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!