Дорнод аймгийн Матад, Халхгол сумыг дамжин нэг сая гаруй га талбайд газрын тос олборлодог "Петрочайна дачин тамсаг" компанитай холбоотой хууль бус үйлдэл болон Монголын шүүх, цагдаа, хуулийн байгууллагын талаар "Нутгаа аврах чойбалсанчуудын нэгдэл" төрийн бус байгууллагаас мэдээлэл хийлээ.
Энэ талаар тус төрийн бус байгууллагын тэргүүн Г.Адилбиш "Шүдээ зэвсэглээд ч эзэлж чадаагүй дорнын их талыг өнөөдөр шүд нь савирсан хятадуудын эрхшээлд хэрхэн орж байгааг бид маш олон нотлох баримтаар сонирхуулъя. Бидний хувьд яваагүй газар гэж үгүй.
2022 онд Улсын Их Хурал (УИХ)-аас газрын тосны олборлолтоос авах үр ашгаа нэмэгдүүлэхээр тогтоол гаргасан. Харамсалтай нь өнөөдөр үр ашгаа нэмэгдүүлэх нь битгий хэл Засгийн газар нь хууль бус үйлдэл хийж байна.
Эхнээс нь дурдвал 2017 онд Засгийн газрын 287 дугаар тогтоол гэж бий. Уг тогтоол "Петрочайна дачин тамсаг" компанид хэрэгждэггүй. Учир нь энэ нэг сая га газар нутаг дээр усны тусгай хэрэгцээнд авсан ашиглах журам хангагдаагүй гэсэн албан бичгийг Газар зохион байгуулалт, Геодези, Зураг зүйн ерөнхий газраас бидэнд өгсөн.
Одоог хүртэл Дорнод аймгийн Засаг дарга, Уул, Уурхайн Яам болон Газар зохион байгуулалтын газраас гуравласан гэрээ байгуулаагүй ажиллаж байна.
Мөн бид 2024 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-т бидний явуулсан хүсэлтэд хариу ирүүлсэн. Тодруулбал бүтээгдэхүүн хуваах эрх, үүргийг АНУ-ын "СОКО Интернэйшнлплс" компаниас БНХАУ-ын "Дачин ойл фийлд лимитед" компанид 2005 онд шилжүүлсэн асуудлыг архивын хөмрөгөөс шүүж үзэхэд энэ талаар Засгийн газрын тогтоол болон хуралдааны тэмдэглэл гараагүй байгааг баталсан бичиг ирсэн.
Өөрөөр хэлбэл стратегийн орд бүхий газрын тээвэрлэлтийн асуудлыг албан ёсоор тогтоолоор батлаагүй. Эрх бүхий хүмүүс нь энэ асуудлын талаар огт мэдэхгүй байдалтай байна.
Дээрх албан бичигт тулгуурлаад Үндсэн хуулийн цэцэд хандсан ч дорвитой хариулт өгдөггүй. Энэ нь юуг харуулж байна вэ гэвэл шүдээ хүртэл зэвсэглээд эзэлж чадаагүй тал нутагт маань шүд нь савирсан жунгаа нар зүгээр л дураараа жиргэж байна.
Бид энэ асуудлаар нэр бүхий албан тушаалтнуудыг шүүхэд өгсөн ч шүүхээс танай төрийн бус байгууллага гомдол гаргах эрхгүй гэдэг хариу өгдөг" гэв.
Мөн тус төрийн бус байгууллагын төлөөлөл "Тус компанийн хамгаалалтын ажилтнууд бидний биед удаа дараа хүрч, танхайрсан асуудал дээр цагдаа, шүүхийнхэн мэдээгүй юм шиг өнгөрдөг атлаа өнөөдөр бид гурвыг хууль бус үйлдлийг илчилснийх нь төлөө хэн нэгний өш хонзон авах арга нь болж байгаа мэтээр эрүүгийн хэргээр шалгаж байна.
Биднийг удаа дараа шөнө оройн цагаар автомашинаар дагаж мөрдсөн. Үүнийг бидний гомдлын дагуу шалгах явцад Матад сумын цагдаагийн алба хаагчид болохыг тогтоосон. Энэ бүх асуудал дээрээ хариуцлага тооцдоггүй.
Түүнчлэн тус компанийн удирдах албан тушаалтан нь шинэ жилийн баяраа тэмдэглэх явцдаа ажилтныхаа амь насыг хохироосон. Одоог хүртэл энэ хэрэг шийдэгдээгүй. Гэтэл бид хэний ч биед халдаагүй. Тэнд байгаа ургамал, ан амьтан, ард иргэдийн аюулгүй байдлыг сахин хамгаалсныхаа төлөө эрүүгийн хариуцлага хүлээж байна.
Тус компанийн 19 дүгээр талбай дээр малчдын ундны усыг хятадууд цоожилчихсон, цагаар ус олгож байсан. Үүнийг бид чөлөөлөхөөр бичлэг хийсэн гэж биднийг буруутгаж байна" гэлээ.
Мөн үргэлжлүүлэн "Саяхан биднийг БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөхөөр хилээр зорчихыг хүсэхэд хориг тавьсан. Ямар шалтгаанаар ингэж байгааг нь асуухад "Хятадыг эсэргүүцдэг" гэдэг тайлбар өгдөг. Үүгээр Хятадын түрэмгий бодлогын эсрэг Монгол Улсын иргэд чимээгүй байх ёстой гэсэн дохио өгч байна гэж ойлгож байна. Бид "Петрочайна дачин тамсаг" компанийн эсрэг Монгол Улсынхаа газар нутаг дээр тэмцсэн болохоос биш Хятадын нутаг дээр, Хятад Улсыг эсэргүүцээгүй" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!