Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар Засгийн газраас танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Ирэх жилийн төсвийг анх удаа иргэдийн оролцоонд тулгуурлаж боловсрууллаа. Энэ нь гол онцлог юм. Хоёрдугаарт, татварын ачааллыг бууруулсан төсөв боллоо.
Хэдийгээр төсвөө танаж, бууруулсан ч гэсэн хүний хөгжлийг дэмжих чиглэлийн ирэх оны төсөвт баримталсан. Ийм учраас энэ төсвийг иргэдийн төсөв гэж нэрлэж байна.
Төсөв боловсруулахдаа 200 гаруй мянган иргэнээс цахимаар санал авч, яам тус бүр хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Ирэх онд аль салбарт төсвийг түлхүү зарцуулах нь зүйтэй вэ гэсэн асуултад 129 мянга гаруй иргэн эрүүл мэндийн салбарт гэж хариулсан. Энэ зарчмын дагуу бид явж ажилласан.
Эрүүл мэндийн салбарт 2025 онд 238.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байсан бол ирэх онд 1.3 их наяд төгрөгөөр нэмэгдүүллээ. Ингэснээр дээр дурдсан 129 мянга гаруй иргэний саналыг харгалзан үзэж Хавдар судлалын үндэсний төв II-ыг байгуулах, хавдрын робот мэс заслын тоног төхөөрөмжийг худалдаж авах, Зүрх судасны үндэсний төвийг шинээр байгуулах, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн их засвар, хүчитгэлтийг хийх, Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах төв байгуулах, Булган аймгийн 100 ортой нэгдсэн эмнэлэг болон 17 эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмнэлгүүдийг шинээр барьж байгуулах, эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийг 49.7 тэрбум төгрөгөөр сайжруулж, 19 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулах асуудлуудыг шийдэх төсвийг боловсрууллаа" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!