Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтыг батлав
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах зарим газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалтыг батлав.
Газрын сан нэгдмэл, төрийн хяналт, хамгаалалтад байх зарчмыг баримтлан газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргад үүрэг болголоо.
Засгийн газрын тогтоолд нийт 2195 нэгж талбарыг тусгаж, байршлуудыг таван хавсралтад ангилжээ. Үүнд:
- Хөдөө аж ахуйн газрын ангилалд хамаарах зориулалтаар 210,
- Хот тосгон, бусад суурин газрын ангилалд хамаарах зориулалтаар 1879,
- Зам, шугам сүлжээний газрын ангилалд хамаарах зориулалтаар 83,
- Ойн сан бүхий газрын ангилалд хамаарах зориулалтаар 19,
- Улсын тусгай хэрэгцээний газрын ангилалд хамаарах зориулалтаар дөрвөн нэгж талбар гэсэн байна.
"Улсын хэмжээнд 2025 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2025 оны жагсаалт гарснаас хойш нийслэл, дөрвөн дүүрэг, 20 аймгийн 62 сум газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тодотгол оруулж, Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системд улсын хэмжээнд нийт 3,625 нэгж талбарыг төлөвлөж ирүүлснээс 2,195 нэгж талбарыг 2025 онд эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: Засгийн газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
