П.Наранбаяр: Жил бүр 300-аас доошгүй бага ангийн болон англи хэлний багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулна
Боловсролын сайд П.Наранбаярын хичээлийн шинэ жилийн мэндчилгээнийхээ үеэр танилцуулсан зарим мэдээллийг хүргэж байна.
2025-2026 оны хичээлийн шинэ жилд багшлах хүчний нөөцийг чадавхжуулж жил бүр 300-аас доошгүй бага ангийн болон англи хэлний багш нарыг гадаадад богино хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулахаар ажиллаж байгаа юм байна.
Түүнчлэн багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг хангахад чиглэн гурван яамд хоорондын ажлын хэсэг байгуулагдсан ба бодитой алхмыг хийхээр ажиллаж байна гэв.
Багш бэлтгэдэг дээд боловсролын байгууллагын сургалт, үйл ажиллагаа, багшийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.
Мөн сургуулийн барилга байшинг нэмэгдүүлэх бодитой ажлыг Азийн хөгжлийн банктай хамтран хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. 2026 оны төсөвт нийт 200 гаруй сургууль, цэцэрлэг, спортын заалны барилгуудыг барьж дуусгахаар тусгасан ба АХБ-тай хамтран нийт 40 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгыг шинээр хамгийн хэрэгцээтэй газарт нь барьж байгуулахаар ажиллаж байгаа юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
