Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга манай улсад айлчилж байна
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийхээр Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга, ноён Жерард Браунли тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2025.08.31) хүрэлцэн ирлээ. Айлчлал есдүгээр сарын 3-ны өдөр хүртэл үргэлжилнэ.
Төлөөлөгчдийг УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсаас Шинэ Зеланд Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн, УИХ дахь Монгол-Шинэ Зеландын парламентын бүлгийн дарга С.Эрдэнэболд болон албаны бусад хүмүүс угтав.
Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцоно.
Энэхүү айлчлал Шинэ Зеланд Улсын Парламентын даргын түвшинд Монгол Улсад хэрэгжүүлж буй анхны айлчлал юм. Монгол Улс, Шинэ Зеланд Улсын хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 50 жилийн ой тохиож байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!





