Ардчилсан Намын /АН/ Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал өчигдөр болж, шинэчилсэн дүрмээ хэлэлцэн, намын дарга Л.Гантөмөрийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан билээ. Ийнхүү намын дарга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр дараагийн даргын сонгууль эхэлсэн.
Эхний ээлжид Үндэсний бодлогын хорооны 390 гишүүнээс 15 хүний бүрэлдэхүүнтэй сонгон шалгаруулах хороог байгуулсан байна. Уг хороо нь нэр дэвшигчдийг бичиг баримтыг хүлээн авч, намын даргад тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлах үүрэгтэй. Сонгон шалгаруулах хороо 2025 оны наймдугаар сарын 29-ний 18:00 цаг хүртэл нэр дэвшигчдийн бичиг баримтыг бүртгэж авсан бөгөөд шаардлага хангасан эсэхийг дүгнээд, нэр дэвшигчийн мандат олгоно. Ийнхүү наймдугаар сарын 31-ний өдөр Үндэсний бодлогын хороо үргэлжлүүлэн хуралдаж, намын даргаа сонгох юм.
Энэ дагуу намынхаа даргад нэрээ дэвшүүлж буй таван хүн өнөөдөр бичиг баримтаа сонгон шалгаруулах хороонд хүлээлгэн өглөө.
Одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй АН-ын дүрэмд нэр дэвшигч нь ҮБХ-ны гишүүнээр 4-өөс доошгүй жил ажилласан байх гэдэг үндсэн шаардлага тавигдаж буй.
Намын даргад нэр дэвшиж буй таван хүн болон тэдний мөрийн хөтөлбөрийг бичиг баримтаа бүртгүүлсэн дарааллынх нь дагуу танилцуулъя.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Шинэ Монголоо цуг бүтээнэ" гэдэг уриа дэвшүүлжээ. Тэрбээр "АН-ын даргын сонгууль, сунгаанд цаашид АН төрийн сонгуульд амжилттай оролцохын тулд, төрийн сонгуульд ялсан тохиолдолд цаашид юу хийх юм бэ гэдэг бодлогоо танилцуулах ёстой. Тиймээс Шинэ Монголоо цуг бүтээнэ гэдгээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Монголоо шинээр харах ёстой, АН-аа шинэчлэх ёстой" гэв.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж "Би анх удаа ийм том албан тушаалд нэр дэвшиж байна. Анх 1992 онд сумандаа ухуулагчаар ажиллаж эхлээд намын батлахаа авч байсан. Түүнээс хойш 2009-2012 онд Ховд аймгийн Ардчилсан намыг даргалж, анх удаа Ховд аймагт ялалт байгуулж байсан. Ард түмний боломжийг хулгайлсан МАН-д хариуцлага тооцохын төлөө тэмцэх болно" хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Ө.Шижир нэр дэвшихээ илэрхийлсэн гурав дахь хүн болов. Тэрбээр "Би 2008 оноос Баянзүрх дүүргийн Ардчилсан намын үүрийн гишүүнээс эхлээд бүх шатны сонгуулийг алгасалгүй явж ирсэн. 2021 оноос хойш бид хоёр дарга, хоёр байртай, тамга, гэрчилгээгүй, таван жил албан ёсны генсекгүй байхын зовлонг туулж байсан. Тиймээс бид тоглоомын дүрмээ тодорхой болгох шаардлагатай. Миний хамгийн эхэнд хийх зүйл бол АН-ын дүрэм, үйл ажиллагаа, зохион байгуулалтын тодорхой болгох. Үүнийг би чадна" гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "Намаа дотоод ардчилалтай байлгадаг, ёс суртахуунтай, үзэл баримтлалынхаа хүрээнд ажилладаг, тэмцдэг улс төрч улс төрийн намыг авч явах ёстой гэж боддог. Би өөрийгөө эдгээр шаардлагыг хангаж байгаа гэж үзсэн учраас намын даргад нэрээ дэвшүүлж байна" хэмээн ҮБХ-ны хурлын үеэр хэлж байсан. Тэрбээр "Хүчтэй сөрөг хүчнээс чадварлаг Засгийн газрын төлөө" гэдэг уриатай мөрийн хөтөлбөр дэвшүүлж байгаа аж.
Хамгийн сүүлд нэр дэвшигчээр бүртгүүлсэн хүн бол АН-ын гишүүн Б.Отгонбат. Тэрбээр "Өнөөдөр нийгмийн гол асуудал болоод буй авлига, утаа, түгжрэлийг АН эргүүлж чадна. АН-ын дарга гэхээсээ илүү нийгэмд үйлчилье гэж байгаа. Тиймээс намын даргын сунгаанд нэрээ дэвшүүлж байна" хэмээсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!